Японы эдийн засаг хоёрдугаар улиралд 0.3 хувиар тэлж, шинжээчдийн хүлээлтийг давлаа
08 сарын 15, 2025
ХУВААЛЦАХ
  • Японы эдийн засаг энэ оны хоёрдугаар улиралд өмнөх улирлаас 0.3 хувиар тэлж, шинжээчдийн хүлээлтийг давлаа.
  • Nikkei 225 индекс 0.59 хувиар өссөн бол ам.доллартай харьцах иенийн ханш 0.1 хувиар чангарч, 147.6-ийн түвшинд хүрчээ.
  • Японы Төв банк 2025 оны эдийн засгийн өсөлтийн төлөвийг 0.1 нэгж хувиар дээшлүүлсэн ч худалдааны маргаан, олон улсын тодорхойгүй байдал эдийн засгийн өсөлтөд дарамт учруулсаар байна.
Эдийн засаг ийнхүү тэлэхэд экспортын өсөлт голлон нөлөөлсөн бөгөөд ДНБ-ий өсөлтийн 0.3 нэгж хувийг экспорт бүрдүүлжээ.

Японы эдийн засаг энэ оны хоёрдугаар улиралд өмнөх улирлаас 0.3 хувиар тэлж, шинжээчдийн хүлээлтийг давлаа. АНУ-ын татварын дарамтаас үүдэн тус улсын эдийн засаг хоёрдугаар улиралд 0.1 хувиар өсөх төлөвтэй хэмээн шинжээчид таамаглаж байв.

Эдийн засаг ийнхүү тэлэхэд экспортын өсөлт голлон нөлөөлсөн бөгөөд ДНБ-ий өсөлтийн 0.3 нэгж хувийг экспорт бүрдүүлжээ. Энэ нь нэгдүгээр улирлын 0.8 хувийн агшилттай харьцуулахад эерэг үзүүлэлт юм. Японы Худалдааны яамны мэдээллээр, хоёрдугаар улиралд худалдааны алдагдал эхний улиралтай харьцуулахад багассан буйг онцолжээ.

Гэсэн хэдий ч Японы ДНБ хоёрдугаар улиралд өмнөх жилийн мөн үеэс 1.2 хувиар өссөн нь эхний улирлын 1.8 хувийн өсөлтөөс буурсан дүн юм.

Пүрэв гарагийн арилжаагаар Японы Nikkei 225 индекс 0.59 хувиар өссөн бол ам.доллартай харьцах иенийн ханш 0.1 хувиар чангарч, 147.6-ийн түвшинд хүрчээ. 

Япон улс өнгөрсөн долдугаар сард АНУ-тай худалдааны хэлэлцээр байгуулсан. Энэ хүрээнд Японоос АНУ руу экспортолж буй бүх төрлийн бүтээгдэхүүн, мөн автомашины экспортод 15 хувийн татвар ногдуулахаар шийдвэрлэсэн. Автомашины экспорт 2024 онд Японоос АНУ-д нийлүүлсэн нийт бараа бүтээгдэхүүний 28.3 хувийг бүрдүүлсэн байдаг.

Мөн Японы Төв банк 2025 оны санхүүгийн жилийн эдийн засгийн өсөлтийн таамгийг 0.6 хувьд өсгөсөн хэдий ч цаашдын худалдааны маргаан, олон улсын тодорхойгүй байдал нь эдийн засгийн өсөлтөд эрсдэл учруулахыг мэргэжилтнүүд сануулж байна.  

mobile-logo