- Goldman Sachs хөрөнгийн зах зээлийн савлагаа нэмэгдэхийг анхааруулав.
- Төв банкуудын бодлого Синтрагийн чуулганы анхаарлын төвд байна.
- Их Британид Хөдөлмөрийн намын дэмжлэг эрс буурч, улс төр тогтворгүйжлээ.

2025 оны эхний хагаст хөрөнгийн зах зээлд огцом хэлбэлзэл давамгайлж, худалдаа, геополитикийн эрсдэлүүд санхүүгийн зах зээлийн чиглэлийг олон удаа эргүүлсэн онцгой үед тооцогдохоор байна. Тэгвэл оны хоёрдугаар хагаст энэ тогтворгүй байдал улам хүчтэй илрэх төлөвтэйг олон улсын шинжээчид анхааруулж эхэллээ.
АНУ-ын Goldman Sachs хөрөнгө оруулагчдад хандан илгээсэн тайландаа “эдийн засгийн суурь үзүүлэлтүүдийн доройтол болон бодлогын тодорхой бус байдал” хөрөнгийн зах зээлд цаашид илүү хүчтэй савлагаа авчирна гэж онцолсон юм. Үүнийг батлах мэт “айдсын индекс” хэмээн нэрлэгддэг индекс дөрөвдүгээр сард огцом өсч, Уолл Стритийн гол индексүүд нэг өдөрт хэд хэдэн удаа чиглэлээ сольсон нь хөрөнгө оруулагчдын сэтгэл зүйд гүн нөлөө үзүүлжээ.
Төв банкуудын бодлого дахин дэлхийн анхаарлын төвд гарч ирж буй энэ долоо хоногт Европын Төв Банкны уламжлалт Синтрагийн чуулга уулзалт Португалд эхэлж байна. Чуулгад дэлхийн гол эдийн засгуудын төв банкны тэргүүнүүд оролцож, инфляцын чиг хандлага, бодлогын хүүгийн төлөв, худалдааны сөргөлдөөний эрсдэлийн талаар санал бодлоо хуваалцана.
Европын Төв Банкны ерөнхийлөгч Кристин Лагард тус чуулганы нээлтэд илтгэл тавих бөгөөд тэрбээр сүүлийн нийтлэлдээ евро нь гео-эдийн засгийн шинэ нөхцөлд илүү ноёрхох боломж байгааг онцолсон. Харин АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын мэдэгдлүүд энэ уулзалтад улс төрийн өнгө аяс шингээж, Холбооны нөөцийн банкны дарга Жером Пауэллын эсрэг шүүмжлэл нь төв банкуудын хамтын ажиллагаанд сүүдэр тусгаж болзошгүй нөхцөл бүрдүүлжээ.
Үүний зэрэгцээ Европын зах зээл харьцангуй тэсвэртэй хэвээр байна. Германы DAX индекс он гарсаар 18 хувиар өссөн бол Лондоны FTSE 100 ойролцоогоор 9 хувийн өсөлттэй байна. Харин Францын CAC 40 харьцангуй сул гүйцэтгэлтэй буюу 5 орчим хувиар өсөөд байна.
Улс төрийн талбарт Их Британи хамгийн тогтворгүй байдалд оржээ. Хөдөлмөрийн намын засаг барьж эхэлсний нэг жилийн ой энэ долоо хоногт тохиож байгаа ч Ерөнхий сайд Кийр Стармерын нэр хүнд унаж, зарим судалгаагаар сөрөг хүчний удирдагчдаас ч доогуур үнэлгээ авч эхэлжээ. Түүнийг олон сэдвээр, тэр дундаа Ойрхи Дорнодын хямрал, Украйны дайн, технологийн компаниудтай хийсэн маргаан зэрэг асуудлууд дараалан маргаан дагуулах болсон нь түүний нам доторх байр суурийг нь ч ганхуулж эхэлжээ.
Ийнхүү 2025 оны хоёрдугаар хагас эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд суларсан, геополитикийн эрсдэл нэмэгдсэн, улс төрийн нөхцөл тогтворгүй байдалтайгаар эхэлж байна. Харин хөрөнгө оруулагчид болон зах зээлийн тоглогчдын хувьд төв банкуудын энэ долоо хоногт хэлэлцэх бодлого, мэдэгдэл л цаашдын чиглэлийг тодорхойлох гол хүчин зүйл болох нь дамжиггүй.