
Монгол Улсад мал сүргийн тоо хонин толгойн тооцооллоор 110 саяд хүрснээр бэлчээрийн даац 25 саяар хэтэрчээ. Засгийн газар энэ нөхцөл байдалд дүгнэлт хийж, сүргийн бүтцэд оновчтой өөрчлөлт хийх алхам авч эхэлсэн байна. Тухайлбал, хонь, ямаа, адууны тоо толгойг зорилтот түвшинд бууруулж, бэлчээрийн доройтлыг сааруулах, экосистемийн тэнцвэрийг сэргээх бодлого хэрэгжүүлж эхлээд байгаа юм.
Ийнхүү сүргийн бүтцэд өөрчлөлт оруулахын зэрэгцээ махны экспортын хэмжээ урьд өмнө байгаагүйгээр тэлж, 2023–2024 онд нийтдээ 600 сая ам.долларт хүрсэн нь анхаарал татаж байна. Өмнө нь жилд дунджаар 10–20 сая ам.долларт эргэлддэг байсан экспортын орлого сүүлийн хоёр жилд огцом өссөн нь татвар, квотын хязгаарлалтгүй, зах зээлийн эрэлтэд нийцсэн экспортын уян хатан бодлоготой холбоотой хэмээн албаныхан тайлбарлажээ.
Үүнтэй зэрэгцэн хүнсний нөөцийн мах бэлтгэлийн тогтолцоонд зохицуулалт орсон байна. Тодруулбал, өмнө нь төвлөрсөн байдлаар хэрэгждэг байсан уг ажиллагааг орон нутгийн удирдлага өөрсдийн төсөв, эх үүсвэрт тулгуурлан гүйцэтгэх үүрэгтэй болсон. Хүнс, хөдөө аж ахуйн яам уг үйл ажиллагаанд шууд оролцдоггүй бөгөөд харин махны экспортын чиглэлд бодлогоор дэмжлэг үзүүлэх чиг үүрэг хүлээж байгаа юм.
Сүргийн бүтцийн энэхүү шинэ бодлого нь зөвхөн бэлчээрийн даацыг тохируулах төдийгүй мал эмнэлгийн хяналтыг сайжруулж, эрүүл ахуйн шаардлагыг хангах нөхцөл бүрдүүлнэ гэж үзэж байна. Мөн уур амьсгалын сөрөг нөлөөллийг бууруулах, тогтвортой үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх, улмаар малчдын орлогыг өсгөх урт хугацааны суурь нөхцөл болно гэж мэргэжилтнүүд дүгнэжээ.