bnr-0
Японы үйлдвэрлэл түр сэргэсэн ч АНУ-ын тариф эдийн засгийн төлөвийг сүүдэрлэж байна
06 сарын 30, 2025
ХУВААЛЦАХ
  • Тавдугаар сард үйлдвэрлэлийн өсөлт 0.5 хувьтай гарч, шинжээчдийн таамгаас үлэмж доогуур байв.
  • АНУ-ын өндөр тариф Японы хөрөнгө оруулалтыг хойшлуулах, ашиг бууруулах эрсдэл үүсгэж байна.
  • Хэлэлцээ зогсонги байсаар байгаа тул тарифын дарамт ирэх сараас нэмэгдэх төлөвтэй.
Худалдааны тодорхойгүй нөхцөлд Японы Төв банк бодлогын хүүг огцом нэмэгдүүлэхээс зайлсхийж, хүлээлтийн байр суурь баримталж байгаа юм. 

Японы үйлдвэрлэлийн үзүүлэлт тавдугаар сард бага зэрэг өсөлт үзүүлсэн ч энэ нь удаан үргэлжлэх сэргэлт биш гэж эдийн засагчид анхааруулж байна. Тус улсын Эдийн засаг, худалдааны яамнаас мэдээлснээр, үйлдвэрлэлийн гарц өмнөх сараас 0.5 хувиар өссөн ч шинжээчдийн дунджаар таамагласан 3.5 хувийн өсөлтөөс хавьгүй доогуур гарчээ. Дөрөвдүгээр сард үйлдвэрлэл 1.1 хувиар унаад байсан юм.

Энэ удаагийн өсөлт нь АНУ-ын нэмэлт тарифын дарамт, дэлхийн эдийн засгийн эргэлзээтэй төлөв зэргээс шалтгаалан тогтвортой үргэлжлэх боломжгүй гэж шинжээчид дүгнэж байна. Тухайлбал, зургадугаар сард үйлдвэрлэл дахин 0.3 хувиар өсөх ч долдугаар сард 0.7 хувиар буурах таамгийг тус яам мөн давхар дурдсан нь сэргэлт түр зуурынх болохыг илтгэж байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын зүгээс Япон улсыг автомашины зах зээлээ “шударга бус” байдлаар хамгаалдаг гэж буруутгаснаас хойш хоёр орны худалдааны хэлэлцээ хүнд үе шатанд оржээ. Одоогоор хоёр тал тарифын хугацааг долдугаар сард дуусахаас өмнө сунгах талаар албан ёсны шийдэлд хүрээгүй байгаа бөгөөд Япон улс бүрэн чөлөөлөгдөх магадлал тун бага байгааг ажиглагчид тэмдэглэж байна.

Эдийн засгийн тодорхой бус байдал нь Японы дотоодын компаниудын хөрөнгө оруулалтын шийдвэрт шууд нөлөөлж эхэлжээ. Автомашин үйлдвэрлэгчид тэргүүтэй компаниуд тарифын дарамтыг тэсвэрлэхийн тулд бүтээгдэхүүний үнээ бууруулах шаардлагатай болж, улмаар ашигт ажиллагаанд нь сөргөөр нөлөөлж байна. Зарим корпорац 2025 ондоо орлого буурах хүлээлттэй байгаагаа ч илэрхийлээд байна.

Худалдааны тодорхойгүй нөхцөлд Японы Төв банк бодлогын хүүг огцом нэмэгдүүлэхээс зайлсхийж, хүлээлтийн байр суурь баримталж байгаа юм. Энэхүү байр суурь нь Токио хөрөнгийн биржид эерэгээр нөлөөлж, Nikkei индекс даваа гарагт 1.6 хувиар өссөн байна.

Хоёр орны хооронд өрнөж буй яриа хэлэлцээ цаг хугацаатай уралдан үргэлжилж байгаа ч тодорхой үр дүн хараахан гараагүй байна. Японы хэлэлцээний багийн ахлагч олон нийтийн сүлжээндээ “үргэлжлүүлэх тохиролцоонд хүрсэн” хэмээн мэдэгдсэн нь түр ч болов итгэл төрүүлж байгаа ч тарифын хямрал дахиад л сүүдэр мэт дагах нь тодорхой байна.   

mobile-logo