- Boeing компани болон Qatar Airways компани нийт 210 онгоц худалдан авах гэрээ байгуулснаа зарлалаа.
- Тус захиалга нь Qatar Airways компанийн түүхэн дэх хамгийн том худалдан авалт юм.
- Уг гэрээ нь 2018 оноос хойш ашиггүй ажиллаж буй Boeing компанид санхүүгийн хүчтэй дэмжлэг болох магадлалтай байна.

АНУ-ын нисэх онгоц үйлдвэрлэгч Boeing компани Ойрхи Дорнодын агаарын тээврийн Qatar Airways компанид нийт 210 онгоц худалдах гэрээ байгуулснаа зарлалаа. Энэ нь Boeing компанийн түүхэн дэх хамгийн том захиалга юм. Тус захиалга нь мөн Qatar Airways компанийн түүхэн дэх хамгийн том худалдан авалт бөгөөд Boeing-ийн 787 Dreamliner загварын 130 онгоц, удаа дараа хойшлогдоод буй 777-9 загварын 30 онгоц, мөн нэмэлт 50 онгоц захиалах сонголт эл гэрээнд багтжээ.
Qatar Airways мөн Boeing-ийн онгоцуудад зориулан GE Aerospace компанитай 400 гаруй хөдөлгүүр нийлүүлэх гэрээ байгуулсан гэж тус компаниуд хамтарсан хэвлэлийн мэдэгдэлдээ дурджээ.
Boeing компанийн гүйцэтгэх захирал Келли Ортберг уг гарын үсэг зурах ёслолд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хамт оролцсон юм.

777X цувралын 426 хүний багтаамжтай, хоёр хөдөлгүүртэй 777-9 онгоц нь одоогоор зах зээлд нийлүүлэгдээгүй байгаа бөгөөд АНУ-ын Холбооны Нисэх Онгоцны Захиргаанаас (FAA) баталгаажаагүй хэвээр байна.
Цагаан ордны мэдээлснээр уг гэрээний нийт дүн 96 тэрбум ам.доллар бөгөөд АНУ-д жил бүр 154,000 ажлын байр, нийт 1 сая гаруй ажлын байрыг дэмжих аж. Харин Boeing болон Qatar Airways компаниудын зүгээс гэрээ нь АНУ-д 400,000 орчим ажлын байр бий болгоно гэж мэдээлсэн байна.
Уг гэрээ нь 2018 оноос хойш ашиггүй ажиллаж буй Boeing компанид санхүүгийн хүчтэй дэмжлэг болох магадлалтай байна. Сүүлийн жилүүдэд тус компани нь аюулгүй байдлын ноцтой асуудал, үйлдвэрлэлийн доголдол, зардлын хэтрэлт, мөн өнгөрсөн онд ойролцоогоор хоёр сар үргэлжилсэн үйлдвэрчний эвлэлийн ажил хаялт зэргээс шалтгаалан хүнд байдалд ороод буй.