- Telegram компанид Илон Маскийн xAI компаниас 300 сая ам.долларын төлбөр төлөхөөр болжээ.
- Telegram нь Grok захиалгын орлогын 50 хувийг өөртөө авч үлдэх эрхтэй.
- Павел Дуровын хэлснээр түншлэл Telegram-ийн санхүүгийн байдлыг мэдэгдэхүйц бэхжүүлнэ.

Илон Маскийн үүсгэн байгуулсан xAI компани Telegram платформд 300 сая ам.долларын төлбөр төлж, хиймэл оюун ухаанд суурилсан Grok чатботыг 2025 оны зунаас эхлэн тус платформд нэвтрүүлэхээр болсон тухай Telegram-ийн гүйцэтгэх захирал Павел Дуров мэдэгдэв.
Талууд нэг жилийн хугацаатай стратегийн түншлэл байгуулсан бөгөөд Telegram платформ дээр Grok-ын захиалгын орлогоос 50 хувийг Telegram өөртөө авч үлдэх нөхцөлтэй байгаа аж. Дуровын тайлбарласнаар энэ хэлцэл нь Telegram-ийн санхүүгийн тогтвортой байдлыг сайжруулахад чухал үүрэгтэй гэжээ.
Харин Илон Маск өөрийн нийгмийн сүлжээ болох X дээр “гэрээ хараахан байгуулагдаагүй” хэмээн тайлбар хийсэн боловч нэмэлт мэдээлэл өгөөгүй байна.
Telegram-ийн хэрэглэгчид энэ зун зах зээл дээрх “хамгийн дэвшилтэт хиймэл оюуны технологийг” ашиглах боломжтой болно хэмээн Дуров онцолсон байна. Grok чатботын өмнөх хувилбарууд хэрэглэгчдэд зохисгүй агуулга түгээж байсан тул шүүмжлэл дагуулсан бөгөөд xAI-ийн зүгээс “дотоод журам зөрчсөн зөвшөөрөлгүй өөрчлөлт” хэмээн тайлбарлаж, ил тод байдал, найдвартай байдлыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч байгаагаа мэдэгдсэн юм.
Telegram 2025 онд сар бүрийн нэг тэрбум хэрэглэгчтэй болж, The Wall Street Journal-ийн мэдээлснээр 1.5 тэрбум ам.долларын бонд босгохоор ажиллаж байна. Тус платформ нь Орос, Украин зэрэг бүс нутагт өндөр хэрэглээтэй бөгөөд төрийн байгууллага, цэргийн хүрээнд өргөн хэрэглэгддэг ажээ.
Гэхдээ Павел Дуров нь Франц улсад хар тамхи, залилан, хүүхдийн порнограф зэрэг гэмт хэрэгт Telegram ашиглагдсан асуудлаар шалгагдаж байгаа юм. Түүнийг өнгөрсөн наймдугаар сард баривчилж, шүүхээс Францаас гарахыг хориглосон. Telegram энэ талаар мэдэгдэл гаргаж тус компани Европын холбооны хууль тогтоомжийг мөрддөг бөгөөд Дуров “нууцлах зүйлгүй” гэдгээ илэрхийлсэн байна.
Илон Маск энэ оны гуравдугаар сард xAI болон X компанийг нэгтгэсэн бөгөөд хэлцлийн дагуу xAI компанийн үнэлгээ 80 тэрбум, X платформын үнэлгээ 33 тэрбум ам.долларт хүрээд буй юм.