bnr-0
Домогт аварга Ж.Мөнхбатын хөшөө Төв цэнгэлдэх хүрээлэнд сүндэрлэлээ
06 сарын 04, 2025
ХУВААЛЦАХ
Домогт аварга Ж.Мөнхбатын хөшөө Төв цэнгэлдэх хүрээлэнд сүндэрлэлээ.

Ж.Мөнхбат аваргын хөшөө Төв цэнгэлдэх хүрээлэнг чиглэн сүндэрлэн заларлаа. Домогт бөхчүүдийн нэгэн цагийн манлай, олимпын мөнгөн медальт, чөлөөт бөхийн ДАШТ-ий анхны медальт Монгол бөхийн нэр төрийг дэлхийд дуурсгасан түүний алдар гавьяаг мөнхжүүлэх зорилготой уг хөшөөг түүний хүү Хакүхо М.Даваажаргал олон нийтэд нээв.

Энэ түүхэн үйл явдалд амьд сэрүүн байгаа үндэсний бөхийн 12 аваргаас долоо нь хүрэлцэн ирж, хүндэтгэл үзүүлсэн байна. Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяр, А.Сүхбат, Н.Батсуурь, улсын аварга С.Мөнхбат, Ч.Санжаадамба, Г.Эрхэмбаяр нар нээлтийн ёслолд оролцсон бол зарим аваргууд хүндэтгэх шалтгаанаар ирээгүй юм. Мөн “Дүнжингарав” дэвжээний тамирчид, Ж.Мөнхбаттай зодоглож явсан бөхчүүд, түүний нэрэмжит Их шавийн дээд сургуулийн төлөөлөл ирсэн байв.

Ёслолын үеэр Японы мэргэжлийн сүмод нэрээ дуурсгасан Хакүхо М.Даваажаргал сэтгэлийн үг хэлж, аавынхаа бэлэглэсэн бүс, түүний алтан бөгжийг зүүж ирснээ дурдаад ”Аав маань энэ бүсийг надад хийлгэж өгөхөд би озэки цолтой байв. Миний аав өнөөдөр амьд сэрүүн байсан бол 85 насыг зооглох байлаа. Өнөөдөр бол аавын минь сүлд өдөр юм. Аав минь нэг л зан, нэг л төрхөөрөө бөх сонирхогч Монголын ард түмний хайртай хүү хэвээр байна” хэмээлээ.

Хөшөөг Архангай аймгийн Хашаат сумын уран барималч Ж.Түмэнчулуун хоёр жилийн турш урлаж, 2.5 тонн хүрэл ашиглан бүтээжээ. “Монголын үйтэн чулуу” компанийн хийсэн боржин суурьтай уг бүтээл нь бөхчүүдийн хамгийн эрхэм мөч болох учраа бөхөө давж, тугаа тойрон эргэх хөдөлгөөнийг урлагийн хэлээр илэрхийлсэн гэдгийг уран барималч онцолсон юм. Түүний хувьд өмнө нь Ж.Мөнхбатын цээж баримлыг урлаж байжээ.

Домогт Ж.Мөнхбат аварга 1941 онд Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн бөгөөд үндэсний их баяр наадамд зургаан удаа түрүүлж, 23 удаа шөвгөрсөн амжилтаараа бөхийн түүхэнд гүн мөр үлдээжээ. 1963–1967 онуудад дараалан тав, 1974 онд дахин нэг түрүү авсан бөгөөд сар шинийн барилдаанд ч зургаан удаа түрүүлсэн амжилтаараа дархан аваргуудын эгнээнд багтдаг. Хамгийн сүүлд 1994 онд 53 насандаа улсын наадамд зодоглон зургаа давсан нь өнөөдөр ч бөх сонирхогчдын дунд бахархал болон яригддаг.

“Хаях би яараагүй байхад, унах чи юунд яарнам” хэмээх алдарт үгээрээ домог болон үлдсэн суут аваргын хөшөө Төв цэнгэлдэх хүрээлэнг ширтэн, хойч үеийнхэнд эр зориг, тэсвэр хатуужлын билэг тэмдэг болон мөнхрөх боллоо.  

mobile-logo