bnr-0
Ираны эсрэг хориг суларч магадгүй нь газрын тосны ханшийг сулруулж байна
05 сарын 16, 2025
ХУВААЛЦАХ
  • АНУ, Иран хоёр цөмийн гэрээ байгуулахад ойртоод буй нь Ираны нефтийн экспорт сэргэх хүлээлт бий болгожээ.
  • Олон улсын эрчим хүчний агентлаг газрын тосны нийлүүлэлтийн өсөлтийг эрэлтээс хоёр дахин их гэж тооцоолов.
  • Газрын тосны ханш WTI 2.8%, Brent 2.7 хувиар тус тус буурлаа.
Цагаан ордны зүгээс Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой шинэ хэлэлцээр байгуулахад ойртож буйг мэдэгдсэн нь олон улсын зах зээлд Ираны экспорт эргэн сэргэх хүлээлт үүсгэж, ханш суллах дарамт үзүүлжээ.

Газрын тосны фьючерс ханш энэ долоо хоногт огцом буурлаа. Цагаан ордны зүгээс Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой шинэ хэлэлцээр байгуулахад ойртож буйг мэдэгдсэн нь олон улсын зах зээлд Ираны экспорт эргэн сэргэх хүлээлт үүсгэж, ханш суллах дарамт үзүүлжээ. Ийм нөхцөлд АНУ Ираны эсрэг тавьсан хориг арга хэмжээг сулруулах магадлалтай хэмээн шинжээчид таамаглаж байна.

Түүнчлэн Олон улсын эрчим хүчний агентлагаас энэ сарын тайландаа эрэлт, нийлүүлэлтийн урьдчилсан тооцоогоо шинэчилсэн нь зах зээлд хүлээлт өөрчлөгдөхөд нөлөөлөв. Тус агентлаг 2025 онд газрын тосны нийт эрэлт өдөрт 740 мянган баррелиар нэмэгдэнэ гэж тооцсон ч, нийлүүлэлт 1.6 сая баррелиар өсөхөөр байгаа нь тэнцвэрт байдлыг алдагдуулах дохио болж байна. Энэ нь өмнөх тооцоотой харьцуулахад нийлүүлэлтийн өсөлт 400 мянган баррелиар нэмэгдсэн үзүүлэлт юм.

Сүүлийн долоо хоногт АНУ болон Хятадын худалдааны хэлэлцээр тодорхой ахиц гаргасан нь зах зээлийг түр зуур тайвшруулсан ч, Олон улсын эрчим хүчний агентлаг дэлхийн эдийн засгийн өсөлтөд улам бүр нэмэгдэж буй тодорхойгүй байдал газрын тосны эрэлтэд урт хугацаандаа дарамт үүсгэнэ гэж үзэж байна. Энэ нь эдийн засгийн бодлого, худалдааны эрсдэл, геополитикийн тогтворгүй байдалтай холбоотой ажиглалттай уялдаж байна.

Өчигдрийн байдлаар АНУ-ын Вест Техасын буюу WTI газрын тосны ханш 2.8 хувиар буурч, нэг баррель нь 61.36 ам.долларт хүрсэн бол брент төрлийн газрын тос 2.7 хувиар хямдарч, 64.29 ам.доллар болсон байна. Ийм нөхцөлд хөрөнгө оруулагчид нийлүүлэлтийн хэт өсөлт болон улс төрийн эрсдэлийг харгалзан үнэлж буй нь ханшид шууд нөлөөлж байна.   

mobile-logo