Сониуч зан бол шилдэг гүйцэтгэх захирлуудад нийтлэг ажиглагддаг шинж чанар хэмээн “JPMorgan Chase” компанийн гүйцэтгэх захирал Жэйми Даймон дурджээ.
“Зарим удирдлагууд өөрсдийн байгаа байдалдаа сэтгэл хангалуун байдаг бол агуу удирдагчид байнга шинийг эрэлхийлж, сониуч яриа өрнүүлж, бусдын үзэл бодлыг үнэлж, хүндэтгэдэг” хэмээн тэрбээр ярьжээ. Даймон оффисоосоо гарч, бусдаас шинэ мэдлэг мэдээлэл олж, үйлчлүүлэгчид болон өрсөлдөгчдөөсөө суралцахын давуу талыг онцолж байв.
Даймон компанийхаа гүйцэтгэлийг бодитоор үнэлэхийн тулд үйлчлүүлэгчид болон өрсөлдөгчидтэй биечлэн уулзаж санал сэтгэгдлийг нь шууд сонсохыг чухалчилдаг аж. Тэрбээр санал шүүмж сонсож байж сайжирна гэдэгт итгэдэг бөгөөд хэрэв нэг үйлчлүүлэгчид асуудал тулгарч байвал бусад хүмүүс ч адилхан зүйлтэй нүүр тулж байх магадлалтай гэж үздэг тухайгаа хуваалцсан юм. Бодит асуудлыг ийнхүү сонсож, шийдвэрлэхэд цаг гаргадаггүй гүйцэтгэх захирлуудыг тэрбээр том алдаа хийж буй шинж хэмээжээ.
“Amazon” компанийн гүйцэтгэх захирал Энди Жасси мөн сониуч зантай бөгөөд тасралтгүй суралцахыг эрхэмлэдэг нэгэн аж. Тэрбээр хамгийн амжилттай хүмүүс бол өөрийгөө нь сайжруулах шинэ мэдлэг, чадвараар үргэлж “өлсдөг” хүмүүс гэжээ. Суралцараа зогсоосон хүмүүсийн карьер нь дагаад буурч эхэлдэг аж.
“LinkedIn”-ийн дэд ерөнхийлөгч Анеш Раман ч үүнтэй санал нэгдсэн бөгөөд мэргэжлийн ур чадвараас илүү сониуч зан, суралцах хүсэл эрмэлзэл чухал гэдгийг онцлов. Эдгээр шинж чанарууд нь залуу мэргэжилтнүүдэд бусдаас ялгарч, бэрхшээлийг суралцах боломж болгон хувиргахад тусалдаг байна.
Тэгвэл сониуч зангаа хөгжүүлэхийн тулд өдөр бүр шинэ зүйл сурахад 20-30 минут зарцуулахыг сэтгэл зүйч Томас Чаморро-Премузик зөвлөжээ. Үүнд шинэ сэдэв судлах, хамтран ажиллагсадтайгаа ярилцах эсвэл хүнд сэдэвтэй ном унших зэрэг багтах аж. Тэрбээр "Би ямар сэдвийг гаргууд мэдэж, юуны талаар мэргэжилтэн болохыг хүсэж байна вэ? Ямар сэдэв миний сонирхлыг татдаг вэ?" гэх мэт асуултыг өөрөөсөө асуухыг зөвлөжээ.
“Тасралтгүй суралцаж, шинийг эрэлхийлэх нь сэтгэл ханамжгүй байдлыг арилгаж, тэсвэр тэвчээрийг бий болгодог” тухай Даймон хэлж байв. Тэрбээр бодит ертөнц хийгээд гарч буй хувьслын мөн чанарыг ойлгосноор амжилтад хүрэхэд нэг шат ойртдог хэмээн үздэг аж.