- Foot Locker-ийн хувьцаа 80 хувиар өсөж, Dick’s-ийн ханш унажээ.
- Худалдан авалтын үр дүнд Dick’s олон улсын зах зээлд хүч түрэн нэвтрэхээр зорьж байна.
- Foot Locker тусдаа нэгж хэлбэрээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ.

АНУ-ын спортын барааны хамгийн том сүлжээ болох Dick’s Sporting Goods компани пүүзний худалдааны дэлхийн номер нэг брэнд болох Foot Locker-ийг 2.4 тэрбум ам.доллароор худалдаж авахаар боллоо. Энэхүү хэлцэл нь тус компанийн түүхэн дэх хамгийн том худалдан авалт бөгөөд олон улсын зах зээлд өргөжин тэлэх зорилготой алхам юм.
Худалдан авалтыг пүрэв гарагт зарласан бөгөөд Dick’s нэг бүр нь 24 ам.доллароор Foot Locker-ийн хувьцааг бэлнээр авах санал тавьжээ. Энэ нь өмнөх өдрийн хаалтын ханштай харьцуулахад 90 хувийн премиум юм. Мөн хувьцаа эзэмшигчид Dick’s компанийн нэг хувьцаанд 0.1168 хувьцаагаар солих сонголттой байна. Мэдээ нийтлэгдсэн даруйд Foot Locker-ийн хувьцаа 80 гаруй хувиар өсч, 12.87 ам.доллароос огцом үсэрчээ.
Dick’s энэхүү хэлцлийг өөрийн бэлэн мөнгө болон шинэ зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэхээр төлөвлөж буй. Гэвч хэлцэл зарласны дараа тус компанийн хувьцааны ханш 16 хувиар буурсан нь хөрөнгө оруулагчдын болгоомжлолыг илэрхийлж байна.
Foot Locker нь 26 орны 2,400 орчим салбартай өргөн сүлжээтэй бөгөөд Champs Sports зэрэг дэд брэндүүдийг эзэмшдэг. Харин Dick’s нь АНУ-д төвтэй, Golf Galaxy дэлгүүрүүдийг мөн ажиллуулдаг бөгөөд “House of Sport” нэртэй спортын олон төрлийн туршлага санал болгодог томоохон дэлгүүрүүдээрээ өргөжин тэлж буй.
Foot Locker сүүлийн жилүүдэд бизнесийн шинэчлэл хийж, онлайн худалдааг өргөжүүлэн, Adidas зэрэг түнш брэндүүдээ эргүүлэн татах стратеги баримталж ирсэн. Компанийн Гүйцэтгэх захирал Мэри Диллон 2022 онд Ulta Beauty-гаас ирж, цахим худалдаанд төвлөрсөн бодлогыг нэвтрүүлсэн нь анхаарал татаж байна.
Гэсэн хэдий ч сүүлийн саруудад Foot Locker-ийн ханш 40 хувиар унасан. Үүнд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын импортын тарифын бодлого болон Nike-ийн үнийн стратегийн өөрчлөлт нөлөөлжээ. Хэдийгээр Трампын зүгээс Хятадын эсрэг тарифуудыг түр царцаасан ч, салбарын дотоод дарамт буураагүй хэвээр байна.
Dick’s компанийн зүгээс Foot Locker-ийг тусдаа бизнесийн нэгж хэлбэрээр нь хадгалж, брэндийн бие даасан байдлыг үргэлжлүүлэн дэмжихээ илэрхийлсэн. Энэхүү худалдан авалт нь өнгөрсөн сард 3G Capital компанийн Skechers-ийг 9.4 тэрбум ам.доллароор авах шийдвэрийн дараах спортын зах зээлийн томоохон хэлцэл болж байна.
Dick’s болон Foot Locker компаниуд хоёулаа эмэгтэй гүйцэтгэх захирлын удирдлага дор өрсөлдөөнтэй, өөрчлөлттэй худалдааны орчинд шинэлэг шийдлүүдээр хэрэглэгчийн анхаарлыг татах шинэ үеийн стратегийг хэрэгжүүлж байна.