bnr-0
Хамгийн олон жуулчин энэ жил хүлээн авч байна
10 сарын 08, 2024
ХУВААЛЦАХ
  • 2023 онд 651 мянган жуулчин хүлээн авсан бол өнөөдрийн байдлаар 667 мянган жуулчин Монголд аялаж, жуулчдын тоо 16 мянгаар нэмэгджээ.
  • Монгол Улсын талаарх эерэг сэтгэгдэл цахим орчинд 88 хувиар өссөн бөгөөд судалгаанд оролцогчдын 36 хувь нь Монголд зочлохоор төлөвлөж байгаа гэсэн хариулт өгчээ.
  • Эерэг сурталчилгааны үр дүнд БНСУ-аас ирэх жуулчдын тоо жил дараалан өсөж байна. Монгол Улсад аялах үеэрээ нэг жуулчин дунджаар 2000 ам.доллар зарцуулдаг аж.

2023 онд 600 мянган жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын салбараас нэг тэрбум орчим ам.долларын орлого олж байсан. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас өгсөн мэдээллээр  2023 онд 651 мянган жуулчин хүлээн авсан бол 2024 оны аравдугаар сарын долооны өдрийн байдлаар 667 мянган жуулчин Монголд ирээд байна. Он дуустал дахиад хоёр сарын хугацаа байгаа тул энэ тоо өснө. Өнөөдрийн байдлаар Монголд ирсэн жуулчдын  тоо 16 мянгаар нэмэгджээ. Ингэснээр энэ жил Монгол Улс түүхэндээ хамгийн их жуулчин хүлээн авсан жил болжээ.

Монгол Улсыг олон улсад сурталчлах Үндэсний хорооны ээлжит хуралдааны үеэр энэ тухай танилцууллаа. Уг хурлын үеэр Монгол Улсын талаарх эерэг сэтгэгдэл цахим орчинд 88 хувиар өссөн бөгөөд судалгаанд оролцогчдын 36 хувь нь Монголд зочлохоор төлөвлөж байгаа гэсэн хариулт өгчээ.

Салбар яамнаас 2025 он хүртэл Монголд аялах жуулчдыг өөрийн улсаасаа Монголын аймаг, орон нутаг руу шууд нисэх боломжийг бүрдүүлэхээр Зам тээврийн яамтай хамтран ажиллахаар төлөвлөж байгааг энэ үеэр танилцуулсан нь анхаарал татах шинэ мэдээлэл байлаа. Жуулчид Монгол Улсыг сонгон ирэхдээ нүүдлийн соёл иргэншил, малчин ахуй амьдралтай танилцах, байгалийн унаган төрхийг үзэхийг чухалчилдаг байна. Мөн морь унах, гэрт амьдарч үзэх, цэлмэг хөх тэнгэр, од харах, монгол үндэсний хоол идэж үзэхийг аяллынхаа нэг зорилго болгодог аж. Өөрөөр хэлбэл, жуулчид хорин нэгдүгээр зуунд нүүдлийн соёл иргэншлээ хадгалж үлдсэн Монголчуудын түүх соёлтой танилцах аяллын гол зорилго нь байдаг гэж хариулжээ. Монголд ирээд буцсан жуулчдын ихэнх нь сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлдэг бол цаашид анхаарах засах зүйлээр дэд бүтэц, нислэгийн тийзийн үнэ өндөр байгааг нэрлэжээ. Монголд аялсан жуулчдын тоогоороо БНХАУ, БНСУ , ОХУ тэргүүлж байна. Эерэг сурталчилгааны үр дүнд БНСУ-аас ирэх жуулчдын тоо жил дараалан өсөж байна.   

mobile-logo