bnr-0
Трамп Катарын хааны гэр бүлээс тансаг онгоц бэлгэнд авах гэж буй нь ёс зүйн маргаан дагуулж байна
05 сарын 12, 2025
ХУВААЛЦАХ
  • Катарын хааны гэр бүлээс “Boeing 747-8” онгоцыг Трампт бэлэглэхээр төлөвлөж байгааг ABC News анхлан мэдээлжээ.
  • Уг онгоц анх төрийн тэргүүний түвшинд зориулж бүтээгдсэн бөгөөд 400 сая ам.долларын үнэлгээтэй.
  • Энэ үйлдэл нь АНУ-ын хууль, ёс зүйн дүрэм зөрчих эрсдэлтэй хэмээн мэргэжилтнүүд анхааруулж байна.
АНУ-ын Холбооны хуульд зааснаар төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүс гадаад улсын төрөөс үнэтэй бэлэг хүлээн авах тохиолдолд Конгрессоос урьдчилан зөвшөөрөл авах шаардлагатай байдаг.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Катарын хааны гэр бүлээс тансаг зэрэглэлийн “Boeing 747-8” онгоцыг хүлээн авах бэлтгэл хийж байгаа талаар ABC News агентлаг мэдээллээ. 400 сая ам.долларын үнэтэй, төрийн тэргүүнд тохируулан тоноглосон дотоод тохижилттой энэхүү онгоц анх Катарын Эмирт зориулагдан үйлдвэрлэсэн ч огт ашиглаагүй байсан ажээ. 

Одоо тус онгоцыг Трампын багт шилжүүлж болзошгүй байгаа нь АНУ-ын дотоодод дипломат болон хууль зүйн маргаан дэгдээгээд байна. Онгоцыг Трампт гардуулах асуудлыг зарим эх сурвалж “Ерөнхийлөгчийн онгоц” болгон ашиглах боломжтой гэж үзэж буй бол, өөр хэсэг нь энэ үйлдэл нь олон улсын харилцаанд сөрөг дохио өгөх, цаашлаад улс төрийн ашиг сонирхлын зөрчил үүсгэх эрсдэлтэй гэж сэрэмжлүүлжээ.

АНУ-ын Холбооны хуульд зааснаар төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүс гадаад улсын төрөөс үнэтэй бэлэг хүлээн авах тохиолдолд Конгрессоос урьдчилан зөвшөөрөл авах шаардлагатай байдаг. Гэвч одоогоор Трампын зүгээс энэ талаар ямар нэг тайлбар, зөвшөөрөл аваагүй байгаа нь анхаарал татаж байна.

Эх сурвалжуудын мэдээлснээр Трампын багийн зарим гишүүд энэ онгоцыг 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын хүрээнд улс төрийн зорилгоор ашиглаж магадгүй гэжээ. Үүний зэрэгцээ АНУ-ын ёс зүйн хороод болон хяналтын байгууллагууд уг мэдээлэлд анхаарал хандуулж эхэлсэн бөгөөд цаашид Конгрессоос ч шаардлага тавьж болзошгүй байна.

Катарын талаас онгоцыг ямар нөхцөлөөр шилжүүлэх гэж буй, хариуд нь ямар нэгэн тохироо хийсэн эсэх тухай мэдээлэл одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд энэ нь АНУ-ын гадаад харилцааны хүрээнд тодорхойгүй байдлыг бий болгож байна. Шинжээчдийн үзэж буйгаар ийм тансаг бэлгийг хувийн этгээд хүлээн авах нь улс төр, хууль зүйн хувьд ноцтой үр дагаварт хүргэх магадлалтай аж.   

mobile-logo