- Эдийн засаг, геополитикийн тодорхойгүй байдал дэлхий даяар газар авч буй энэ үед чинээлэг эрхмүүд алтаа эх орноосоо гаргаж, илүү найдвартай, аюулгүй газарт хадгалах хандлага эрс нэмэгджээ.
- Сингапурын Чанги нисэх буудлын ойролцоо байрлах “The Reserve” хэмээх дээд зэргийн хамгаалалттай зургаан давхар агуулах байгууламжид 1.5 тэрбум ам.долларын алт, мөнгө хадгалагдаж байгаа аж.
- АНУ-Хятадын худалдааны хурцадмал байдал, мөн дөрөвдүгээр сард болсон АНУ-ын хөрөнгөө зарах давалгаа зэрэг нь алтыг “аюулгүй хөрөнгө” хэмээн үнэлэх хандлагыг улам эрчимжүүлсэн.

Эдийн засаг, геополитикийн тодорхойгүй байдал дэлхий даяар газар авч буй энэ үед чинээлэг эрхмүүд алтаа эх орноосоо гаргаж, илүү найдвартай, аюулгүй газарт хадгалах хандлага эрс нэмэгджээ. Үүний улмаас Сингапур тэдний хувьд гол сонголт болоод байна.
Сингапурын Чанги нисэх буудлын ойролцоо байрлах “The Reserve” хэмээх дээд зэргийн хамгаалалттай зургаан давхар агуулах байгууламжид 1.5 тэрбум ам.долларын алт, мөнгө хадгалагдаж байгаа аж. Энд хувийн сейфүүд, мөн гурван давхар өндөр сейфийн танхим байрладаг. “The Reserve” нь зөвхөн хадгалах үйлчилгээ үзүүлээд зогсохгүй, үнэт металл худалдаалдаг аж.
Үүсгэн байгуулагч Грегор Грегерсений мэдээлснээр, 2024 оны мөн үетэй харьцуулахад энэ оны эхний дөрвөн сард алт, мөнгө хадгалах захиалга 88 хувиар, борлуулалт 200 хувиар өссөн байна. “Олон улсын байдал улам тодорхойгүй болж, тариф, геополитикийн асуудал хурцдаж байгаа энэ үед чинээлэг үйлчлүүлэгчид алтаа Сингапур шиг найдвартай, тогтвортой улс оронд хадгалахыг эрмэлзэх нь нэмэгдэж байна” гэжээ. Шинэ захиалгын 90 орчим хувь нь гадаад улс орнуудаас иржээ.
Сүүлийн саруудад алтны ханш огцом өсөж, түүхэн дээд түвшинд хүрээд байна. АНУ-Хятадын худалдааны хурцадмал байдал, мөн дөрөвдүгээр сард болсон АНУ-ын хөрөнгөө зарах давалгаа зэрэг нь алтыг “аюулгүй хөрөнгө” хэмээн үнэлэх хандлагыг улам эрчимжүүлсэн. Зарим шинжээчийн таамгаар ирэх онд алтны ханш унци нь 5,000 ам.долларт хүрч болзошгүй хэмээв. Одоогийн байдлаар алтны ханш 3,346 ам.долларын түвшинд хэлбэлзэж байна.
Чинээлэг эрхмүүд “цаасан дээрх алт” буюу биржээр арилжаалагддаг алтнаас илүүтэйгээр биет алтан гулдмай худалдаж авч, хадгалахыг илүүд үзэж буй нь ч эрсдэлийн удирдлагатай холбоотой. Тэд банкны эрсдэл, улс орны санхүүгийн тогтворгүй байдлыг үл тооцох үүднээс алтаа өөрийн нэр дээр, найдвартай хадгалуулах сонирхолтой болсон. 2023 онд “Silicon Valley Bank” дампуурсан нь ийм сонголтыг улам хүчирхэгжүүлсэн жишээ болсон юм.
Тухайлбал, Ливан, Египет, Алжир зэрэг улсад банкны системд итгэх итгэл алдарсан тул тэндхийн чинээлэг иргэд алтаа Швейцар, Сингапур, Дубайд хадгалуулах болсон байна.
Гэсэн хэдий ч биет алт нь худалдан авалт, тээврийн зардал өндөртэй тул богино хугацааны хөрөнгө оруулагчдад тийм ч тохиромжтой биш юм. Харин улс төр, эдийн засгийн хувьд тогтвортой, санхүүгийн нээлттэй орчинтой Сингапур улс “Дорнын Женев” хэмээн нэрлэгдэх болсон бөгөөд алт хадгалах хамгийн найдвартай төвүүдийн нэгээр нэрлэгдэж байна.