bnr-0
“TikTok" хориг тавихаас сэргийлж АНУ-ын Дээд шүүхэд хандан, мөн Трамптай уулзжээ
12 сарын 17, 2024
ХУВААЛЦАХ
  • "TikTok"-ийн эзэмшигч компани болох Хятадын “ByteDance”-ийг заасан хугацаанд платформоо худалдахыг шаардсан бөгөөд хэрэв үүнийг биелүүлээгүй тохиолдолд “Google” болон “Apple” компани "TikTok"-ийг өөрсдийн “app store”-уудаас устгах үүрэг хүлээх аж.
  • Трамп өмнөх Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаандаа "TikTok"-ийг хориглохыг оролдож байсан боловч сүүлийн үед энэхүү шинэ хуулийн эсрэг байр суурьтай гэдгээ илэрхийлээд байгаа.
  • Хэрэв энэхүү хориг хэрэгжиж эхэлбэл олон сая америкчууд өөрсдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мөн бизнес, урлаг, болон бусад салбарт харилцах гол платформоо алдах эрсдэлтэй аж.
"TikTok"-ийг төлөөлж буй хуульчид уг шийдвэр нь АНУ-ын Үндсэн хуулиар баталгаажсан үг хэлэх эрх чөлөөг ноцтой зөрчиж байгааг онцлон, Дээд шүүхээс энэ асуудлыг анхааралдаа авахыг хүссэн байна.

АНУ-д "TikTok" платформыг 2024 оны нэгдүгээр сарын 19-ний өдрөөс хориглох хууль батлагдаад байгаа бөгөөд тус платформын зүгээс уг хуулийг хүчингүй болгуулах хүсэлтээ Дээд шүүхэд гаргалаа. Уг хуульд "TikTok"-ийн эзэмшигч компани болох Хятадын “ByteDance”-ийг заасан хугацаанд платформоо худалдахыг шаардсан байна. Хэрэв үүнийг биелүүлээгүй тохиолдолд “Google” болон “Apple” компани "TikTok"-ийг өөрсдийн “app store”-уудаас устгах үүрэг хүлээх аж.

Энэхүү хүсэлт гаргасан өдөр "TikTok"-ийн гүйцэтгэх захирал Шоу Чью Флорида мужийн Мар-а-Лаго клубт Дональд Трамптай уулзжээ. Трамп өмнөх Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаандаа "TikTok"-ийг хориглохыг оролдож байсан боловч сүүлийн үед энэхүү шинэ хуулийн эсрэг байр суурьтай гэдгээ илэрхийлээд байгаа. Тэрбээр "TikTok"-ийг эергээр хардаг гэдгээ онцолж, залуу сонгогчдын дэмжлэгийг авч байгаадаа баяртай байгаагаа дурджээ.

"TikTok"-ийг төлөөлж буй хуульчид уг шийдвэр нь АНУ-ын Үндсэн хуулиар баталгаажсан үг хэлэх эрх чөлөөг ноцтой зөрчиж байгааг онцлон, Дээд шүүхээс энэ асуудлыг анхааралдаа авахыг хүссэн байна. Тэдний үзэж буйгаар, хэрэв энэхүү хориг хэрэгжиж эхэлбэл олон сая америкчууд өөрсдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мөн бизнес, урлаг, болон бусад салбарт харилцах гол платформоо алдах эрсдэлтэй аж.

Түүнчлэн уг хориг нь жижиг бизнесүүд болон контент бүтээгчдэд санхүүгийн хувьд ихээхэн хохирол учруулна гэжээ. Тооцооллоор "TikTok"-ийг хоригловол жижиг бизнес эрхлэгчид нэг сарын дотор 1 тэрбум ам.долларын, контент бүтээгчид ойролцоогоор 300 сая ам.долларын орлогоосоо сална хэмээв.

"TikTok" мэдэгдэлдээ, “Дээд шүүх үг хэлэх эрх чөлөөг хамгаалж ирсэн баялаг уламжлалтай. Бид энэ хуулийг нарийн судалж, Үндсэн хуулийн нэгдүгээр нэмэлт өөрчлөлтийг зөрчиж байгаа эсэхийг тогтоохыг хүсэж байна” хэмээн онцолжээ.   

 

mobile-logo