bnr-0
ОХУ Азийн худалдааны шинэ замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж байна
04 сарын 18, 2024
ХУВААЛЦАХ
  • Шинээр байгуулагдаж буй тээврийн замууд нь Иран болон Арктикийн тэнгисээр дамжин өнгөрөх бөгөөд өрнөдөөс зайлсхийж буй Оросыг Хятад болон Энэтхэгтэй холбох аж.
  • Уг төмөр зам ашиглалтад орсноор Санкт Петербургаас эхлэлтэй тээврийг Ираны Персийн булан дахь экспортын гол боомт болох Бандар Аббаст хүргэх бололцоотой болгох юм.
  • Геополитикийн эрсдэлийг үл харгалзан Хойд тэнгисийн зам дагуу чингэлэг тээвэрлэлтийг хөгжүүлэх гэрээ хэлэлцээр хийгдсэн байна.
ОХУ өнгөрсөн оны тавдугаар сард Иранд 1.3 тэрбум еврогийн зээл олгосон бөгөөд түүгээр шаардлагатай төмөр замын дэд бүтцийг байгуулах аж.

ОХУ Ази болон Европыг холбосон худалдааны шинэ маршрутын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж эхэллээ. Ойрхи Дорнодын үймээн, мөн Орос-Украины мөргөлдөөн нь дэлхийн худалдааны нийлүүлэлтийг тасалдуулаад байгаа юм.

Шинээр байгуулагдаж буй тээврийн замууд нь Иран болон Арктикийн тэнгисээр дамжин өнгөрөх бөгөөд өрнөдөөс зайлсхийж буй Оросыг Хятад болон Энэтхэгтэй холбох аж.

Улс хоорондын харилцаа холбооноос гадна энэхүү бүтээн байгуулалт нь Суэцийн сувагтай харьцуулахад тээвэрлэлтийн хугацааг 30-50 хувиар бууруулж, Улаан тэнгис дэх мөргөлдөөний асуудлыг тойрч гарах боломжтой болох юм.

Хэдийгээр барууны орнууд шинэ тээврийн коридорыг төдийлөн сайшаахгүй байгаа ч геополитикийн асуудлаас үүдэн ихээр хохирол амсаж буй Ази болон Персийн булангийн эдийн засагт энэ нь таатай мэдээ юм.

Гэвч Ираны хуучирсан дэд бүтэц, Оросын Арктикийн эрэг дагуух логистикийн бэрхшээлүүд нь бүтээн байгуулалтын явцыг удаашруулж байгаа бөгөөд Орос улс Ираны төмөр замыг шинэчлэх, Арктикийн байгууламжуудыг бэхжүүлэх зэрэг томоохон хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа аж. ОХУ өнгөрсөн оны тавдугаар сард Иранд 1.3 тэрбум еврогийн зээл олгосон бөгөөд түүгээр шаардлагатай төмөр замын дэд бүтцийг байгуулах аж. Уг төмөр зам ашиглалтад орсноор Санкт Петербургаас эхлэлтэй тээврийг Ираны Персийн булан дахь экспортын гол боомт болох Бандар Аббаст хүргэх бололцоотой болгох юм.

Геополитикийн эрсдэлийг үл харгалзан Хойд тэнгисийн зам дагуу чингэлэг тээвэрлэлтийг хөгжүүлэх гэрээ хэлэлцээр хийгдсэн байна. Энэтхэг улс мөн Ираны боомтуудад хөрөнгө оруулалт хийж байгаа ба Оросын дэмжлэгтэйгээр Иранаар дамжин өнгөрөх зам нь Европ руу хүрэх илүү дөт, мөн Афганистан зэрэг Төв Ази руу нэвтрэх гарц гэж үзэж байна.   

 

mobile-logo