bnr-0
Хиймэл оюун нийлүүлэлтийн сүлжээг шинэ түвшинд хүргэнэ
05 сарын 05, 2025
ХУВААЛЦАХ
  • Тарифын бодлого огцом өөрчлөгдөж байгаагаас компаниуд бараа бүтээгдэхүүн нь яг хаана, ямар өртгөөр үйлдвэрлэгдэж байгааг илүү нарийн мэдэх шаардлагатай болж байна.
  • Компаниуд хиймэл оюуныг ашиглан нийлүүлэлтийн сүлжээгээ нарийвчлан зураглахад анхаарч эхэлжээ.
  • Ингэснээр компаниуд аль улсаас хамааралтай байгаагаа мэдэж, Хятадад хэт түшиглэсэн эсэхээ үнэлэх, шинэ нөхцөлд хурдан дасан зохицох стратеги боловсруулах боломжтой болсон байна.
"Компаниуд өмнө нь нийлүүлэлтийн сүлжээгээ бүрэн ойлголгүйгээр гаднын компаниудад хэт найддаг байсан бол одоо ийм хандлага эрсдэл дагуулж байгаа тул илүү нээлттэй, хяналттай, нарийн мэдлэгтэй байх шаардлагатай" хэмээв.

Сүүлийн саруудад тарифын бодлого огцом өөрчлөгдөж, дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд ихээхэн нөлөө үзүүлэн, зах зээлд тодорхойгүй байдал үүсгээд байна. Үүний улмаас компаниуд бараа бүтээгдэхүүн нь яг хаана, ямар өртгөөр үйлдвэрлэгдэж байгааг илүү нарийн мэдэх шаардлагатай болжээ. Энэ нөхцөлд дасан зохицохын тулд олон компани хиймэл оюуныг ашиглан нийлүүлэлтийн сүлжээгээ нарийвчлан зураглахад анхаарч эхэлсэн байна.

Нийлүүлэлтийн сүлжээний технологи хөгжүүлэгч “Altana” компанийн гүйцэтгэх захирал Эван Смитийн хэлснээр, хиймэл оюуны тусламжтайгаар компаниуд зөвхөн шууд ханган нийлүүлэгч нараа төдийгүй хоёр, гурав, бүр дөрөвдүгээр шатны нийлүүлэгчдийг ч тодорхойлох боломжтой болжээ. Ингэснээр зардлаа илүү нарийвчлан тооцоолж, эрсдэлээ удирдах боломж нэмэгдэж байна.

Өмнө нь ийм төрлийн мэдээллийг гар аргаар цуглуулж, дэлхийн хэмжээний сүлжээний зураглал гаргахад бүтэн жил гаруй хугацаа шаарддаг байсан бол одоо хиймэл оюуны тусламжтайгаар үүнийг ердөө нэг өдрийн дотор гүйцэтгэх боломжтой болжээ.

Смит жишээ болгон угаалгын машиныг дурдсан байна. Үйлдвэрлэгч компани уг бүтээгдэхүүний бүх эд анги, ханган нийлүүлэгчдийн мэдээллийг хиймэл оюун бүхий системд оруулахад, уг систем тухайн угаалгын машинд оролцож буй бүх шатны нийлүүлэгчдийн уялдаа холбоотой сүлжээг харуулна хэмээв. Үүнд үйлдвэрлэгчийн өмнө нь хараагүй, мэдэхгүй байсан далд ханган нийлүүлэгчид ч багтдаг аж.

Мөн “Altana”-ийн хиймэл оюун нийлүүлэлтийн сүлжээг өөрчилснөөр тариф болон зардал хэрхэн өөрчлөгдөхийг урьдчилан тооцоолох боломжийг олгодог. Жишээлбэл, үйлдвэрлэлээ өөр бүс нутаг руу шилжүүлбэл ямар үр дүн гарахыг таамаглах, зарим бүтээгдэхүүнийг дахин дотооддоо үйлдвэрлэхэд зардал яаж өөрчлөгдөхийг тооцох боломжтой болжээ.

Ингэснээр компаниуд аль улсаас хамааралтай байгаагаа мэдэж, Хятадад хэт түшиглэсэн эсэхээ үнэлэх, шинэ нөхцөлд хурдан дасан зохицох стратеги боловсруулах боломжтой болсон байна.

Смитийн хэлснээр нийлүүлэлтийн сүлжээгээ мэдэх нь өнөө үед зайлшгүй шаардлагатай болж байгаа аж. Компаниуд өмнө нь нийлүүлэлтийн сүлжээгээ бүрэн ойлголгүйгээр гаднын компаниудад хэт найддаг байсан бол одоо ийм хандлага эрсдэл дагуулж байгаа тул илүү нээлттэй, хяналттай, нарийн мэдлэгтэй байх шаардлагатай. Иймд “Сохроор аутсорсинг хийх үе аль хэдийн ард хоцорсон” хэмээн тэрбээр онцолсон байна.   

mobile-logo