Санхүүгийн эрх чөлөөнд хүрнэ гэдэг нь биелэгдэшгүй мөрөөдөл мэт санагдах боловч энэ нь санаснаас амархан гэдгийг 38 насандаа санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн Шао Чун онцоллоо.
АНУ-ын технологийн аварга “Google” компанид 8 жил ажилласан Шао Чун нь хэрэглээгээ танаж, өөрийн цалингийн 50 хувийг хөрөнгө оруулалтад зориулдаг байв. Ингэснээр тэрбээр 2 сая ам.долларын үнэлгээтэй хөрөнгө оруулалтын багцыг бүрдүүлж чаджээ.
Хэрэв та эрх чөлөөг хүсэж байгаа бол сахилга баттай байх хэрэгтэй
Түүний үзэж байгаагаар санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийн тулд заавал бизнес эрхлэх шаардлагагүй бөгөөд “Есөөс зургаан цаг хүртэл ажилладаг байсан ч” үүнийг хийж чадна хэмээжээ.
Cанхүүгийн эрх чөлөөнд хүрэх боломжийг Шао Чунд олгосон дөрвөн үндсэн зарчмыг хүргэж байна.
1. Таны эцсийн зорилго бол эрх чөлөөнд хүрэх гэдгийг ойлгох.
Cанхүүгийн эрх чөлөөнд хүрэх эхний алхам бол зөвхөн мөнгөний төлөө биш амьдралын эрх чөлөөнд хүрэх гэж буйгаа ухамсарлах юм.
“Бидний эрхэмлэдэг байсан зүйл бол тогтвортой байдал юм. Гэвч эдийн засгийн одоогийн байдал тогтвортой бус байгаа бөгөөд ямар ч төрлийн ажлын байр бидэнд аюулгүй тогтвортой байдлыг өгч чадахаа больсон. Бидний зорилго бол эрх чөлөө болохоос ажилдаа үнэнч байх биш” хэмээн Чун онцоллоо.
“Иймд бидэнд цахимаар ашиглаж болох маш олон боломж, нөөц байна” хэмээн тэрбээр нэмж дурдлаа.
Хэрхэн хөрөнгө оруулалт хийх, брокерын данс нээх зэрэг хязгааргүй мэдээллийг бид цахимаар авч болох юм.
2. Нэмэлт орлого бий болгохын тулд идэвхтэй, тасралтгүй ажилла
Нэмэлт орлогыг нэгэн зэрэг олон ажил хийж эсвэл ажил сольж хийхээс илүүтэй таны ур чадварын шаардсан орлогын эх үүсвэрийг олох хэрэгтэй. Хамгийн гол нь нэмэлт орлого таны цагийг мөнгөөр сольдоггүй байх хэрэгтэй аж.
3. Зарлагаа танах
Зарлагаа хянадаг байх нь орлогоо нэмэгдүүлэхтэй адил чухал ур чадвар юм. "Хэрэв та эрх чөлөөг хүсэж байгаа бол сахилга баттай байх хэрэгтэй" хэмээн Чун хэллээ. Хэдийгээр олон хүн санхүүгийн эрх чөлөөг хүсдэг ч бидний үйлдэл ихэнхдээ энэ зорилгод нийцдэггүй. Агшин зуурын таашаал ханамжийг эрэлхийлэх, боломжоосоо давж амьдрах нь бидний эрх чөлөөтэй байх зорилгод саад болдог байна.
4. Цаг хугацааг мөнгөөр солихоо зогсоох
Инфляц нь мөнгөний үнэ цэнийг цаг хугацааны явцад алдагдуулж байгаа тул хэрхэн зөв хөрөнгө оруулалт хийх талаар сурах нь маш чухал юм.
“Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх сүүлийн алхам бол мөнгөөр цагаа солихгүй байх, иймд та хөрөнгө оруулалт хийж эхлэх хэрэгтэй” гэж Чун хэлэв.
"Investopedia"-ийн мэдээлснээр S&P 500 индекс 1957 оноос хойш жил бүр дунджаар 10.26 хувийн хөрөнгө оруулалтын өгөөжийг өгч байгаа аж. Хэрэв та 2013 онд S&P 500-д 1000 ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн бол 2023 оны дөрөвдүгээр сар гэхэд таны хөрөнгө оруулалт гурав дахин нэмэгдэж, ойролцоогоор 3,217 ам.доллар болох байлаа.
Богино хугацаанд биш урт хугацаанд хөрөнгө оруулалт хийх шаардлагатай бөгөөд богино хугацааны шуугианд автаж хөрөнгө оруулалт хийхээс зайлсхийж, өөрийнхөө чадамж, ойлгодог зүйлдээ хөрөнгө оруулахыг зорих хэрэгтэй юм.