- iPhone 17 Air загвар нь 145 грамм жинтэй, 2800 миллиампер цаг багтаамжтай батерейтай байх мэдээлэл гарлаа.
- Өндөр нягтралтай шинэ төрлийн батерей ашигласнаар бодит хүчин чадал 15–20 хувиар нэмэгдэх боломжтой.
- Apple дотоод туршилтаар өдөржин ашиглах чадвар өмнөх загваруудаас сул байхыг тогтоосон ч нэмэлт батерейн гэр нэвтрүүлэхээр төлөвлөж байна.

iPhone 17 цувралын хамгийн нимгэн загвар болох “iPhone 17 Air” утасны онцлогтой холбоотой шинэ мэдээлэл Солонгосын “Naver” платформ дээр гарч, технологийн тоймчдын анхаарлыг татаж байна. Энэхүү мэдээлэлд өгүүлснээр 6.6 инчийн дэлгэцтэй шинэ загвар нь ердөө 145 грамм жинтэй байх магадлалтай байна.
Энэ нь Apple-ийн өмнөх жижиг загварууд болох iPhone SE2, iPhone 13 mini загвартай ойролцоо гэсэн үг юм. Энэ нь төхөөрөмжийн нимгэн хийц болон хөнгөн байдалд түлхүү анхаарч байгааг илтгэж байгаа бөгөөд 5.5 мм зузаантайгаар гарна гэсэн салбарын шинжээчдийн таамаглалтай уялдаж байна.
“Naver” блог дахь мэдээллээр, iPhone 17 Air загварын батерейны стандарт багтаамж нь 2,800 миллиампер цаг боловч Apple өндөр нягтралтай шинэ төрлийн батерейн технологи ашигласнаар бодит хүчин чадал нь 15–20 хувиар өсөх боломжтой хэмээн дурджээ. Энэ нь iPhone 12-ын батерейтай харьцуулахад ойролцоо үзүүлэлт болж байна.
Гэсэн хэдий ч батерейны ажиллах хугацааны талаарх мэдээлэл зөрүүтэй байна. Технологийн “The Information” сайтад мэдээлснээр, Apple компанийн дотоод туршилтаар iPhone 17 Air хэрэглэгчдийн зөвхөн 60–70 хувь нь өдөржингөө цэнэглэхгүй ашиглах боломжтой гэж дүгнэсэн бол энэ үзүүлэлт өмнөх загваруудад 80–90 хувьтай байсан. Үүнийг нөхөх зорилгоор Apple тусгай батерейн гэр дагалдуулан худалдаанд гаргахаар төлөвлөж буй аж.
iPhone 17 Air загвар нь Ultra Wide хэмээх өргөн өнцөгт камергүйгээр хийгдэж магадгүй байгаа нь дотоод зайг хэмнэж, батерейнд илүү орон зай гаргах бололцоотой болгох юм. Мөн өмнөх “Plus” загварыг орлохоор төлөвлөгдөж байгаа энэ шинэ загварын танилцуулга Apple-ийн уламжлалт намрын шинэ бүтээгдэхүүний танилцуулгатай давхцан ирэх есдүгээр сард болно гэж таамаглаж байна.