bnr-0
Цахим үнэмлэхийн шинэ эрин: Сэм Алтман биометрийн өгөгдлөөр хүнийг баталгаажуулах төслөө Их Британид нээлээ
06 сарын 09, 2025
ХУВААЛЦАХ
  • OpenAI-ийн гүйцэтгэх захирал Сэм Алтманы хамтран байгуулсан "World" гэх биометрийн өгөгдлөөр хүнийг баталгаажуулах төслийг Их Британид энэ долоо хоногт албан ёсоор нээж байна.
  • Тус төсөл нь “Orb” хэмээх бөмбөрцөг хэлбэртэй төхөөрөмжөөр хүний нүдийг сканнердаж, биет хүнийг хиймэл оюунаас ялган таних зорилготой.
  • Мөн “World ID” гэх танигчийг ашиглан Minecraft, Reddit, Discord зэрэг платформд бүртгүүлэх, нэвтрэх боломжтой болжээ.
Биометрийн өгөгдлөөр хүнийг баталгаажуулах "World" төсөл.

OpenAI-ийн гүйцэтгэх захирал Сэм Алтманы хамтран байгуулсан "World" гэх биометрийн өгөгдлөөр хүнийг баталгаажуулах төслийг Их Британид энэ долоо хоногт албан ёсоор нээж байна.

Тус төсөл нь “Orb” хэмээх бөмбөрцөг хэлбэртэй төхөөрөмжөөр хүний нүдийг сканнердаж, биет хүнийг хиймэл оюунаас ялган таних зорилготой. Лондон хотод пүрэв гарагаас эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхлэх бөгөөд удахгүй Манчестер, Бирмингем, Кардифф, Белфаст, Глазго зэрэг бусад томоохон хотод ч нэвтрүүлэхээр төлөвлөжээ.

Orb төхөөрөмж нь хүний нүүр болон нүдийг сканнердаж, тухайн хүний давтагдашгүй кодыг үүсгэдэг. Ингэснээр бодит хүн болохыг баталгаажуулж, хиймэл оюун ухааныг ашигласан залилангаас хамгаалах боломжтой болох юм.

Код үүсгэсэн хэрэглэгчид "World" төслийн WLD криптовалютыг урамшуулал болгон авах аж. Мөн “World ID” гэх танигчийг ашиглан Minecraft, Reddit, Discord зэрэг платформд бүртгүүлэх, нэвтрэх боломжтой болжээ.

World төслийн хөрөнгө оруулагч Tools for Humanity байгууллагын ахлах архитектор Эдриан Людвиг CNBC-д өгсөн ярилцлагадаа, төслийг аж ахуйн нэгжүүд болон төрийн байгууллагууд ихээр сонирхож байгаа талаар онцолжээ. Учир нь хиймэл оюун ухааны тусламжтай залилангийн эрсдэл банк, онлайн тоглоом зэрэг олон салбарт өсөн нэмэгдэж байна.

World сүлжээ саяхан АНУ-д зургаан хотод салбараа нээсэн байна. Людвигийн хэлснээр ойрын саруудад баталгаажуулсан хэрэглэгчдийн тоог хэд дахин өсгөх зорилт тавиад байгаа юм.

Гэхдээ Facebook, TikTok зэрэг тэрбум гаруй хэрэглэгчтэй сүлжээнд ийм төрлийн системийг нэвтрүүлэх нь илүү төвөгтэй байх төлөвтэй байна. World одоогоор 13 сая баталгаажсан хэрэглэгчтэй бөгөөд энэ тоог цаашид улам нэмэгдүүлэх зорилготой байна. 

Людвигийн хэлснээр, хиймэл оюуны хөгжил нь CAPTCHA болон нүүр таних технологи гэх мэт одоогийн баталгаажуулалтын аргуудыг амархан тойрч гарах чадвартай болж байна.

Тиймээс World төсөл нь биет үнэмлэхээс цахим үнэмлэх рүү шилжих үйл явцад нэн хэрэгтэй шийдэл болж чадна гэж тэр үзэж байна. Одоогоор Засгийн газрууд биет үнэмлэхийг халж, цахим үнэмлэхийн систем рүү шилжих оролдлогууд хийж байгаа боловч тэдгээр нь төгс биш. Жишээлбэл, Энэтхэгийн Aadhaar систем өргөн хэрэглээнд нэвтэрсэн ч аюулгүй байдал сул, нийгмийн тэгш бус байдлыг нэмэгдүүлсэн гэх шүүмжлэлд өртсөн.  

mobile-logo