
2025 оны эхээр ТiкТoк дээр үүссэн “Italian Brainrot” буюу “Итали маягийн тархины гажуудал” гэх энэ тренд нь хиймэл оюунаар бүтээсэн хачин дүрүүд, содон нэрс, утгагүй өгүүлбэрүүдээр дамжин цахим орчинд галзуурлын түвшинд тархаад байна.
“Балерина Каппучина”, “Бомбардиро Крокодило”, “Тралалэро Тралалла”, “Тунг тунг тунг Сахур” зэрэг дүрүүд нь итали соёлтой ямар ч хамааралгүй бөгөөд уран зөгнөл, хиймэл дүрслэл, инээдтэй утгагүй нэрсийн нийлмэл хэлбэр болж, хүүхдүүдийн дунд цахилгаан мэт тархажээ.
Анх Румынд амьдардаг 24 настай Сюзанна Сава-Тюдор гэх залуу “Балерина Каппучина”-гийн дүрийг бүтээж TikTok дээр 45 сая хандалт авч, 3.8 сая лайк цуглуулсан байна. Дүрийн санаа нь каппучиногийн аяган толгойтой балетчин бөгөөд үл ойлгогдох боловч хүүхдүүдийн хувьд “хөөрхөн бөгөөд тансаг харагддаг” гэсэн утгаар хэрэглэгддэг болжээ.
Эцэг эхчүүдийн хувьд энэ бол ойлгомжгүй шуугиан мэт санагдаж болох ч хүүхдүүдийн дунд энэ нь шинэ үеийн тоглоом, эсвэл сошиал дохио болж байна.
Зарим контент бүтээгчид энэ үзэгдлийг “хиймэл дүрслэл, зохиомол өгүүлэмж бүхий хиймэл оюуны видео, зураг хосолсон тогтолцоо” гэж тайлбарласан бол Нью-Йорк Таймст өгсөн ярилцлагадаа профессор Ёотам Офир “энэ трендийн огт утгагүй байдал нь л өөрөө гол утга нь” хэмээн онцолжээ.
2024 онд Оксфордын толь бичиг “brainrot” гэх үгийг оны үгсийн нэгээр нэрлэсэн нь ч энэ шинэ соёлын гажуудлыг илтгэж байна. Сургуулийн багш нарын хэлснээр хүүхдүүд хичээлийн дундуур “Балерина Каппучина!” хэмээн орилж анги самууруулж байгаа бол зарим TikTok хэрэглэгчид шөнийн 3 цагт хүртэл ийм бичлэг үзэж байгаагаа хуваалцаж байна.
Зарим контент бүтээгч энэ трендийг сонсоод өөрийгөө Gen Alpha үеийнхэнд ойрхон гэж боддог байсан ч одоо “зэрэглэл буусан”-аа ойлгосон гэж хэлжээ.
Хүүхдүүдийн хувьд энэ бол зүгээр нэг хошин шог бус, харин нийгмийн харилцааны нэг хэлбэр, хоорондоо ойлголцох шинэ үг хэллэг, өөрсдийгөө илэрхийлэх цахим орон зай юм.
Эцэг эхчүүдэд анхааруулахад: “Балерина Каппучина”-г гэрийн хориотой үг болгохоосоо өмнө энэ бол зүгээр л хүүхдүүдийн дунд хөгжиж буй тоглоомын шинэ хэлбэр гэдгийг санаарай. Гол нь тэд мэдэж байгаа, харин та ойлгохгүй байгаа нь л чухал юм.