- Хятад ховор элементийн экспортод тавих хяналтаа эрс чангатгана гэдгээ зарлав.
- АНУ-тай хийх худалдааны хэлэлцээний өмнө уг мэдэгдэл гарч анхаарал татав.
- Ховор металл дахь ноёрхлоо Бээжин геополитикийн хөзөр болгон ашиглаж эхэлжээ.

Хятадын Засгийн газар стратегийн ач холбогдол бүхий эрдэс баялгийг хууль бусаар гадагш гаргах оролдлогыг илрүүлж, ийм үйлдэлтэй тууштай тэмцэхээ албан ёсоор зарлалаа. Энэ мэдэгдэл нь Вашингтонтой хийх худалдааны яриа хэлэлцээний өмнө гарсан нь олон улсын анхаарлыг татаж байна. Хэлэлцээний үеэр ховор элементүүдийн экспорт нь гол сэдвийн нэг байх төлөвтэй.
Шэньжэнь хотноо болсон уулзалтанд БНХАУ-ын Худалдааны яам, Нийтийн аюулгүй байдлын яам, Улсын аюулгүй байдлын газар болон Гаалийн ерөнхий газар зэрэг байгууллагууд оролцож, стратегийн түүхий эдийн экспортын хяналтыг эрчимжүүлэх шийдвэр гаргасан байна. Албан ёсны мэдэгдэлд дурдсанаар Хятадын талаас экспортод хатуу хяналт тогтоосон ч зарим гадаад этгээд дотоодын оролцогчидтой хамтран хууль бус сувгуудыг ашиглахыг оролдож байгаа нь тогтоогдсон аж.
Хятад улс дэлхийн хэмжээнд галлий, германий, гянтболд, хүнд болон дунд төрлийн ховор элементүүдийн олборлолт, боловсруулалт, нийлүүлэлтийн зах зээлд бараг дангаар ноёрхож байгаа юм. Эдгээр элементүүд нь батлан хамгаалах салбар, сэргээгдэх эрчим хүч, цахилгаан автомашин, өндөр технологийн тоног төхөөрөмж зэрэг олон улсын хувьд чухал салбаруудад зайлшгүй хэрэгцээтэй түүхий эд юм.
Сүүлийн жилүүдэд Бээжин ховор элементүүдийн экспортыг үе шаттайгаар хязгаарлаж, экспортын зөвшөөрөл олгох журмыг чанд хатуу болгож ирсэн. Энэ нь АНУ-ын тавьсан худалдааны хориг арга хэмжээнд хариу барьсан алхамуудын нэг байсныг шинжээчид онцолдог. Харин АНУ-ын зүгээс ховор металл дахь Хятадаас хараат байдлаа бууруулахын тулд боловсруулах үйлдвэрүүд байгуулж эхэлсэн ч үйлдвэрлэлийн өсөлт удаашралтай байгаа талаар мэргэжилтнүүд хэлж байгаа юм.
Ажиглагчдын үзэж буйгаар Хятад улс ховор элементийн нийлүүлэлтэд эзэлж буй давуу байр сууриа олон улсын хэлэлцээний явцад ашиглах стратеги баримталж байгаа нь ил тод харагдаж байна. Хяналтын энэхүү бодлого нь дан ганц худалдаа, эдийн засгийн хэрэгсэл биш, харин Бээжингийн өргөн хүрээний геополитикийн тооцооллын нэг хэсэг болон хувирч эхэлснийг харуулах бололтой.