bnr-0
Хүүхдийн сэтгэцэд аюул учруулж байна гэх үндэслэлээр TikTok-ийг шүүхэд өгчээ
10 сарын 09, 2024
ХУВААЛЦАХ
  • АНУ-ын арав гаруй мужийн ерөнхий прокуророос бүрдсэн бүлэг Хятадын богино бичлэгийн TikTok платформыг шүүхэд өгчээ.
  • TikTok-ийн хэрэглээ нэмэгдэж байгаатай холбогдуулан өсвөр насныхан болон хүүхдүүдийн дунд сэтгэл гутрал, түгшүүр, нойргүйдэл зэрэг сэтгэцийн эрүүл мэндийн аюул үүсэж байна хэмээн тус улсын Ерөнхий прокурор Брайан Швалб мэдэгджээ.
  • Харин Хятадын сошиал медиа компанийн зүгээс уг үндэслэлтэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж, “ташаа, төөрөгдүүлсэн” мэдээлэл түгээж байна хэмээн мэдэгдээд буй.
TikTok нь дэлхий даяар тэрбум гаруй идэвхтэй хэрэглэгчтэй байна.

АНУ-ын арав гаруй мужийн ерөнхий прокуророос бүрдсэн бүлэг Хятадын богино бичлэгийн TikTok платформыг шүүхэд өгчээ. Тус компанийн сошиал медиа платформыг "донтуулдаг" шинж чанарыг агуулж, хүүхдэд аюулгүй хэмээн мэдэгдэж, хэрэглэгчдийг хууран мэхэлсэн гэх үндэслэлээр буруутгаад буй. 

TikTok-ийн хэрэглээ нэмэгдэж байгаатай холбогдуулан өсвөр насныхан болон хүүхдүүдийн дунд сэтгэл гутрал, түгшүүр, нойргүйдэл зэрэг сэтгэцийн эрүүл мэндийн аюул үүсэж байна хэмээн тус улсын Ерөнхий прокурор Брайан Швалб мэдэгджээ.

Швалб хэрэглэгчдэд богино хэмжээний видео үүсгэх, хуваалцах, үзэх боломжийг олгодог уг платформыг "дижитал никотин" хэмээн нэрийдэж TikTok нь "залуучуудыг санаатайгаар өөрийн платформд донтуулахыг оролдож байна" хэмээн дурдлаа.

Харин Хятадын сошиал медиа компанийн зүгээс уг үндэслэлтэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж, “ташаа, төөрөгдүүлсэн” мэдээлэл түгээж байна хэмээн мэдэгдээд буй. 

"Бид өсвөр насныхныг хамгаалах чиглэлээр хийсэн ажлаараа бахархаж байгаа бөгөөд бүтээгдэхүүнээ үргэлжлүүлэн шинэчилж, сайжруулах болно" гэж TikTok-ийн хэвлэлийн төлөөлөгч онцолжээ.

TikTok нь дэлхий даяар тэрбум гаруй идэвхтэй хэрэглэгчтэй бөгөөд 13-17 насны залуучуудын талаас илүү хувь нь уг платформыг өдөр тутамдаа идэвхтэй хэрэглэдэг аж.   

mobile-logo