bnr-0
Хакүхо сумогоос гарч, дэлхийн шинэ дэвжээ байгуулах санаачилга гаргалаа
06 сарын 09, 2025
ХУВААЛЦАХ
  • Хакүхо М.Даваажаргал мэргэжлийн сумог орхиж буйгаа албан ёсоор мэдэгдэв.
  • Тэрбээр олон улсын сонирхогчдын сумог хөгжүүлэх зорилго дэвшүүлжээ.
  • Toyota зэрэг дэлхийн томоохон компаниуд уг төслийг дэмжиж эхлэв.
Японы мэргэжлийн сумогийн түүхэнд хамгийн олон удаа түрүүлсэн их аварга Хакүхо М.Даваажаргал өнөөдөр Сумо бөхийн холбоог орхиж байгаагаа албан ёсоор зарлалаа.

Японы мэргэжлийн сумогийн түүхэнд хамгийн олон удаа түрүүлсэн их аварга Хакүхо М.Даваажаргал өнөөдөр Сумо бөхийн холбоог орхиж байгаагаа албан ёсоор зарлалаа. Тэрбээр одоогоор тодорхойгүй хугацаагаар хаалттай байгаа Миягино дэвжээний нөхцөл байдал, холбооноос үзүүлсэн дэмжлэг дутагдсан зэргээс болж ийм шийдвэр гаргасан байна.

Сүүлийн жилүүдэд Хакүхо дэвжээндээ шинэ залуу бөхчүүдийг бэлтгэж байсан ч 2024 оны гуравдугаар сард Хокусэйхо гэх шавь нь дэвжээний хоёр бөхөө зодсон хэрэг гарч, улмаар дэвжээг нь хаахад хүргэсэн юм. Энэ хэрэгт ёс зүйн хариуцлага хүлээж, Хакүхо албан тушаалаа хоёр шат доош буулгасан юм. Хэдий хангалттай хугацаа өнгөрсөн ч Сумогийн холбоо дэвжээг нь дахин нээх хугацааг одоо болтол тогтоохгүй байгаа нь түүний сэтгэлийг гүнзгий гонсойлгожээ.

Холбооны зүгээс Хакүхог үлдээхийн тулд арваннэгдүгээр сарын тэмцээний дараа дэвжээг сэргээх талаар хэлэлцэж байсан ч тохиролцоонд хүрээгүй байна. Зарим хэвлэлд түүний шавь Терүнофүжи одоо түр хугацаанд ажиллаж буй Исэгахама дэвжээг өвлөн авах болсон нь маргаан дагуулсан гэж бичсэн ч Хакүхо энэ мэдээллийг няцаав.

Түүний хувьд Японы сумогийн уламжлалт хатуу дүрэм, тухайлбал нэг дэвжээнд нэг л гадаад бөх хүлээн авдаг хязгаарлалт, дотоодын эрх ашиг давамгайлдаг тогтолцоо нь олон улсын шинэ төслийг эхлүүлэх шалтгаан болсон байна. Хакүхо “Дэлхийн олон орны залуус Японд ирж сумогоор хичээллэхийг хүсдэг. Би тэдэнд боломж олгоно” хэмээн мэдэгджээ.

Энэхүү зорилгоор Хакүхо 15 жилийн турш зохион байгуулж ирсэн “Хакүхо цом”-ын туршлагыг ашиглан дэлхийн 150 гаруй оронд сонирхогчдын сумог хөгжүүлэх томоохон санаачилга өрнүүлэхээр төлөвлөж байгаа юм. Уг төслийг Японы бизнесийн томоохон тоглогч болох Toyota компанийн ТУЗ-ийн дарга Акио Тойода дэмжиж байгаагаа илэрхийлсэн бөгөөд дэлгэрэнгүй мэдээлэл тун удахгүй зарлагдах аж.

Ярилцлагынхаа төгсгөлд Хакүхо өөрийн шавь нарыг амжилтад хүрэхийг хүсэж, дэвжээ дахин сэргэх хүртэл тэднийг гадна талаас дэмжихээ онцлон хэлсэн юм. Ийнхүү Хакүхо сумод дотоодоос бус, олон улсын түвшинд илүү үнэ цэнтэй хувь нэмэр оруулахыг зорьж буйгаа илэрхийлсэн нь түүний замналын дараагийн томоохон үе эхэлж буйн дохио боллоо.   

mobile-logo