bnr-0
Чухал сонголт: Санхүүгийн боловсролыг шинэ түвшинд хүргэх “XacTeen+” апп-ыг танилцууллаа 
06 сарын 09, 2025
ХУВААЛЦАХ
ХасБанк 7–17 насны хүүхдүүдэд зориулсан XacTeen+ нэртэй шинэ аппликейшн танилцууллаа

Монголын санхүүгийн салбарт хүүхэд, өсвөр үеийнхэнд зориулсан шинэлэг үйлчилгээ нэвтэрч байна. ХасБанк 7–17 насны хүүхдүүдэд зориулсан XacTeen+ нэртэй шинэ аппликейшн танилцууллаа. Энэ нь зөвхөн халаасны мөнгөө хадгалах хэрэгсэл бус, ирээдүйн хэрэглэгчдийг санхүүгийн ухамсартай болгох зорилготой хөгжүүлэлт гэдгийг тус банк онцолж байна.

Хүүхдүүд ихэвчлэн эцэг, эхийн өгдөг халаасны мөнгөөр мөнгөний ертөнцтэй анхлан танилцдаг ч бэлэн мөнгө, уламжлалт картын хэрэглээ нь тэдний хувьд мөнгөний үнэ цэнийг ойлгож, бие даан хянахад хязгаарлагдмал байсаар ирсэн. Харин XacTeen+ апп нь энэ орон зайг нөхөж, санхүүгээ удирдах боломжийг хүүхдүүдэд өөрсдөд нь олгож буйгаараа онцлог юм.

Аппликейшний хэрэглээ нь хүүхдийн сонирхолд нийцсэн, дүрслэл, өнгө төрхөөр баялаг бөгөөд хэрэглэгч өөрийн хүрээллийг emoji болон нэрлэлтээр өөрчлөн тохируулж болдог. Ингэснээр гүйлгээ хийх, шилжүүлэг илгээх нь илүү хөгжилтэй, дотно уур амьсгалтай болдог байна. Түүнчлэн гүйлгээ бүрт амьд мэт хариу үйлдэл үзүүлэх эффект нэмэгдсэн нь хэрэглээний орчныг илүү “амьд” болгож өгчээ.

XacTeen+ апп-аар дамжуулан хүүхэд өөрийн зарцуулалтаа хянах, тодорхой хэмжээний мөнгийг хадгаламж руу шилжүүлж хуримтлал үүсгэх, өдөр тутмын хэрэглээгээ зохистой төлөвлөх зэрэг дадлыг багаасаа эзэмших боломжтой. Энэ нь зөвхөн мөнгө хэмнэх биш, зөв хандлага төлөвшүүлэх, ирээдүйд хариуцлагатай санхүүгийн хэрэглэгч болоход чиглэсэн боловсролын орчин ч гэж хэлж болно.

Мөн хэрэглэгчид урамшуулал, уралдаанд хамрагдах, төрөл бүрийн шагнал хожих боломжтой бөгөөд энэ нь хүүхдүүдийг апп-аар дамжуулан идэвхтэй суралцахад түлхэц өгнө. XacTeen+ апп-д бүртгүүлэхэд бага насны хэрэглэгчдийн хувьд эцэг эхийн баталгаажуулалт шаардлагатай. Хэрэв аль хэдийн ХасБанкны данстай бол e-Mongolia апп-аар дамжуулан бүртгэх боломжтой юм байна. Харин дансгүй бол банкны аль ч салбарт хандан данс нээлгэж, апп-д нэвтрэх эрхтэй болох юм.

ХасБанкны энэ шинэ үйлчилгээ нь зөвхөн нэг аппликейшн бус, ирээдүйн санхүүгийн боловсрол, ухамсрыг багаас нь төлөвшүүлэх урт хугацааны хөрөнгө оруулалт болж байна.  

 
 
 
mobile-logo