Хятадын Засгийн газар “Nvidia”-ийн H20 чипийн нийлүүлэлтийг хязгаарлалаа
08 сарын 18, 2025
ХУВААЛЦАХ
  • Хятадын Засгийн газар “Nvidia” компанийн үйлдвэрлэсэн H20 загварыг "аюулгүй байдлын эрсдэлтэй" хэмээн үзэж, импортыг хязгаарлалаа.
  • Хятадын Засгийн газар төрийн болон үндэсний аюулгүй байдлын салбарт “Nvidia” болон “Advanced Micro Devices”-ийн H20 чипийг ашиглахгүй байхыг уриалсан байна.
  • Бээжингийн эрх баригчид “Nvidia”-ийн чипэд хянуур хандаж буй нь АНУ-д үйлдвэрлэсэн чипүүдэд аюулгүй байдлын болон байршлын баталгаажуулалт суулгах хуулийн төсөлтэй холбоотой ажээ.
Nvidia: H20 чип нь цэргийн болон төрийн дэд бүтцийн зориулалттай бүтээгдэхүүн биш.

АНУ-ын Засгийн газар өнгөрсөн сард “Nvidia” компанийн Хятадад нийлүүлэх H20 чипийн экспортод зөвшөөрөл олгосон. Гэсэн хэдий ч Хятадын зүгээс “Nvidia” компанийн бүтээсэн H20 загварын чипийг "аюулгүй байдлын эрсдэлтэй" хэмээн үзэж, нийлүүлэлтийг хязгаарлажээ.

“Bloomberg”-ийн мэдээлснээр, Хятадын Засгийн газар дотоодын компаниудад, нэн ялангуяа төрийн болон үндэсний аюулгүй байдлын салбарт “Nvidia” болон “Advanced Micro Devices”-ийн H20 чипийг ашиглахгүй байхыг уриалсан байна.

Үүний хариуд “Nvidia” компани “H20 чип нь цэргийн болон төрийн дэд бүтцийн зориулалттай бүтээгдэхүүн биш” хэмээн мэдэгдэж, “Чипийн экспортыг хориглох нь Хятадын үндэсний аюулгүй байдалд ямар ч ашиггүй” гэдгийг нэмж онцлов.

Зарим эх сурвалжийн мэдээлснээр, одоогоор Хятадын Засгийн газар “ByteDance”, “Alibaba”, “Tencent” зэрэг технологийн томоохон компаниудыг үндэсний аюулгүй байдлын хяналт, шалгалтад хамрагдаж дуусах хүртлээ “Nvidia”-ийн чип худалдан авахыг хориглосон байна.

Бээжин дэх эрх баригчид “Nvidia”-ийн чипэд хянуур хандаж буй нь АНУ-ын Төлөөлөгчдийн танхим болон Сенатад өргөн бариад буй шинэ хуулийн төсөлтэй холбоотой ажээ. Уг хуулийн төсөлд АНУ-ын технологийн томоохон компаниудад үйлдвэрлэсэн чипүүдэд аюулгүй байдлын болон байршлыг баталгаажуулах систем суулгах тухай тусгасан байна. Гэсэн хэдий ч “Nvidia” алсаас нэвтрэх, хяналт тогтоох боломжтой “backdoor” буюу нууц кодын системийг үгүйсгэсэн хэвээр байгаа юм.

Энэхүү үйлдлийг Хятадын Засгийн газар цаашид дотоодын чип үйлдвэрлэгчдээ дэмжиж, АНУ-ын томоохон технологийн компаниуд дотоодын зах зээлд тэргүүлэх байр суурьтай байгааг таслан зогсоох зорилготой гэж шинжээчид таамаглаж байна.

Мөн “Chip War: The Fight for the World’s Most Critical Technology” номын зохиолч Крис Миллер энэ тухайд “Хэдий ‘Nvidia’-ийн чип илүү сайн байсан ч Хятадын технологийн компаниуд ‘Huawei’-ийн хиймэл оюуны хөгжлийг дэмжих шаардлагатай болж байна” хэмээн CNBC-д өгсөн ярилцлагадаа онцолжээ.

Гэсэн хэдий ч Бээжин H20 чипэд бүрэн хориг тавих магадлал тун бага байна гэж шинжээчид үзээд буй. “Bernstein” компанийн Чингюань Лин энэ тухай хэлэхдээ, “Аюулгүй байдлын шалгалт дууссаны дараа H20 чипийг хориглох үндэслэл байхгүй” гэжээ. 

Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цаашид “Nvidia” болон “AMD”-ээс гадна бусад компаниудын чипийн экспортод зөвшөөрөл олгож магадгүй ба “Nvidia”-ийн хамгийн сүүлийн үеийн “Blackwell” чипийн хүчин чадал багатай, хямд хувилбарыг Хятадад борлуулахыг зөвшөөрөх төлөвтэй буйг илэрхийлсэн байна.  

mobile-logo