- Лхагва гарагт Японы Төвбанк мөнгөний бодлогын шийдвэрээ танилцуулснаар тус улсын хамгийн том банканд тооцогддог “Mitsubishi UFJ Financial Group Inc” сүүлийн 17 жилийн хугацаанд анх удаа богино хугацааны үндсэн зээлийн хүүг есдүгээр сард нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдэв.
- Токиогийн хөрөнгийн биржийн пүрэв гарагийн арилжаагаар үл хөдлөх хөрөнгийн компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Японы Төвбанк сүүлийн хорин жилийн хугацаанд бодлогын хүүгээ хоёр дахь удаагаа өсгөөд буй. Тус өсөлт ипотекийн зээлийн хүүд нөлөөлж, Япон улсын сүүлийн 17 жилийн банк, санхүүгийн түүхэнд анх удаа орон сууц худалдан авах зээлийн хүүг өсгөхөд хүргэжээ.
Лхагва гарагт Японы Төвбанк мөнгөний бодлогын шийдвэрээ танилцуулснаар тус улсын хамгийн том банканд тооцогддог “Mitsubishi UFJ Financial Group Inc” сүүлийн 17 жилийн хугацаанд анх удаа богино хугацааны үндсэн зээлийн хүүг есдүгээр сард нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдэв. Энэхүү шийдвэрийг бусад банк ч мөн дагах төлөвтэй байгаа юм.
Ипотекийн зээлийн хүүг ийнхүү өсгөхөөр шийдвэрлэсэн нь Японы орон сууцны зах зээлд хэдийнэ сөргөөр нөлөөлж эхлээд байна. Токиогийн хөрөнгийн биржийн пүрэв гарагийн арилжаагаар үл хөдлөх хөрөнгийн компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Хөгжингүй бусад эдийн засгаас ялгаатай нь Японы банкууд олон жилийн турш ипотекийн зээлийн хүүг бууруулсаар ирсэн юм. Онлайн хэлбэрээр үйлчилгээ үзүүлдэг зарим банк одоо ч 0.27 хувийн зээлийг хүүг сурталчилсаар байгаа аж.
Иенийн ханшийн сулрал, барилгын салбар дахь ажиллах хүчний хомсдол зэргээс үүдэн Токио хотноо шинээр баригдаж буй орон сууцны үнэ тогтмол өсөж байгаа энэ үед ипотекийн зээлийн хүүг ийнхүү өсгөхөөр шийдвэрлэсэн нь тус улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хүндрэл учруулах төлөвтэй байна.
Японы үл хөдлөх хөрөнгө, барилгын салбарт томоохонд тооцогддог “Mitsui Fudosan Co.” болон “Mitsubishi Estate Co.”-ийн хувьцааны ханш пүрэв гарагийн арилжаагаар 9.4 хувиар буурсан нь 2020 оноос хойших хамгийн том уналт боллоо.