bnr-0
Хятадын ховор элементийн экспортын хязгаарлалт авто үйлдвэрлэлийн салбарт бодит хямрал үүсгэж эхлэв
1 өдрийн өмнө
ХУВААЛЦАХ
  • Европ болон Азийн авто үйлдвэрлэгчид нийлүүлэлтийн гинжин хэлхээ доголдож, үйлдвэрүүд хаагдаж эхэлсэн талаар мэдээлж байна.
  • Ховор элементүүдийн экспортын зөвшөөрөл маш бага хувьтай олгогдож, гаалийн бүрдүүлэлт удааширч байгаа нь нөхцөл байдлыг хүндрүүлж байна.
  • Герман, Япон, Европын автомашин үйлдвэрлэгчид урт хугацааны эрсдэлээс сэргийлэх өөр хувилбаруудыг эрэлхийлж эхэлжээ.
BMW компанийн зүгээс зарим ханган нийлүүлэгч нь хэдийнэ саатсаныг хүлээн зөвшөөрсөн бол Volkswagen болон Mercedes Benz групп түүхий эдийн тасалдал одоогоор үүсээгүй гэв.

Хятадын Худалдааны яам дөрөвдүгээр сард ховор элементийн экспортод хязгаарлалт тогтоосноос хойш дэлхийн авто үйлдвэрлэлийн салбарт сөрөг нөлөө илт мэдрэгдэж эхэлжээ. Эдгээр хязгаарлалт нь шатах хөдөлгүүртэй болон цахилгаан автомашины үйлдвэрлэлд зайлшгүй шаардлагатай неодиум, диспрози зэрэг ховор металл соронзонд хамааралтай юм.

Европын автомашины сэлбэг үйлдвэрлэгчдийн холбооноос мэдэгдсэнээр хэд хэдэн үйлдвэр хаалгаа барьсан бөгөөд нөөц дуусахад тулж буйг анхааруулсан байна. Тус байгуулагын Ерөнхий нарийн бичгийн дарга Бенжамин Кригер “Энэ бол яг одоо бодитоор болж буй зүйл. Хятадын хориг нь Европын үйлдвэрлэлийн шугамыг шууд зогсоож байна” хэмээн онцолжээ.

Германы автомашины гол салбарын лобби байгууллага болох VDA мөн ижил мэдэгдэл гаргаж, зөвшөөрөлтэй ч гаалийн бүрдүүлэлт удааширснаас үйлдвэрлэл бодитой зогсох эрсдэлтэйг анхааруулсан байна.

BMW компанийн зүгээс зарим ханган нийлүүлэгч нь хэдийнэ саатсаныг хүлээн зөвшөөрсөн бол Volkswagen болон Mercedes Benz групп түүхий эдийн тасалдал одоогоор үүсээгүй гэв. Гэсэн ч Mercedes Benz удахгүй ховор элементээс бүрэн татгалзах шинэ материалын найрлага боловсруулж буйгаа мэдээлсэн байна. Volkswagen-ийн зүгээс ханган нийлүүлэгчид нь экспортын зөвшөөрөл авахыг хичээж буй ч зөвшөөрөл олголт хязгаарлагдмал хэвээр байгааг дурджээ.

Японы Nissan компанийн гүйцэтгэх захирал Иван Эспиноза “Энэ бол яг одоо болж буй бодитой асуудал бөгөөд авто үйлдвэрлэлд мэдэгдэхүйц нөлөө үзүүлэх нь гарцаагүй” хэмээн CNBC-д өгсөн ярилцлагадаа онцолж Засгийн газартайгаа хамтран өөр хувилбар хайж байгаагаа илэрхийлжээ.

Reuters агентлагийн мэдээлснээр Suzuki компани ховор элемент дутагдсанаас болж Swift загварын автомашины үйлдвэрлэлээ түр зогсоосон байна.

Хятад улс дэлхийн ховор элементийн олборлолтын 60 хувийг дангаараа хангаж байгаа бөгөөд АНУ болон Европ энэ хамаарлаас гарахыг хичээж байгаа ч богино хугацаанд нөхөх боломж хязгаарлагдмал хэвээр байна. Германы VDA байгууллага, Европын Холбоо болон Германы Засгийн газрыг энэ асуудлаар Бээжинтэй нэн даруй хэлэлцэхийг уриалж байна.

Ер нь цэвэр эрчим хүч рүү шилжих дэлхийн хөдөлгөөний дунд ховор элементийн эрэлт хэд дахин өсөх хүлээлттэй байгаа.  Яг энэ үед Хятадын экспортын хяналт олон улсын эдийн засагт дарамт бий болгож нийлүүлэлтийн шинэ тоглогчдыг эрэлхийлэхэд түлхэц болж байна.   

mobile-logo