bnr-0
Хятадаас хямд үнийн давалгаа ирж буй нь инфляцыг бууруулах сайн талтай болжээ
1 өдрийн өмнө
ХУВААЛЦАХ
  • Хятадын үйлдвэржилтийн хэт ачаалал Зүүн Өмнөд Азийн орнуудад хямд экспортын түрлэг авчрав.
  • Дотоод эрэлт сул, тарифын шахалттай энэ үед Бээжин гадаад руу нийлүүлэлтээ нэмэгдүүлж байна.
  • Хямд үнэтэй Хятадын бараа инфляцыг намжаах ч орон нутгийн үйлдвэрлэлд сорилт авчирч болзошгүй.
Инфляцын дарамтад орсон олон эдийн засагт Хятадаас ирж буй хямд бараа үнэ буулгах эерэг нөлөө үзүүлж байна.

Хятадын компаниудын үйлдвэрлэл дээд цэгтээ хүрч дэлхийн зах зээлд мэдэгдэхүйц нөлөөлж эхэллээ. Үүнээс үүдэн Азийн олон орон хямд үнэтэй Хятадын бараанд дарлуулж, орон нутгийн үйлдвэрлэгчид өрсөлдөх чадвараа алдаж болзошгүй байгаад тухайн орнууд санаа зовниж байна. Гэвч эдийн засагчдын үзэж байгаагаар энэ үзэгдэл нь мөн инфляцыг намжаах давуу тал дагуулж байгаа юм.

Сингапурт төвтэй Webuy Global гэх онлайн хүнсний жижиглэн худалдааны компани Хятадаас ихэнх бүтээгдэхүүнээ авдаг бөгөөд 2024 оны сүүлчээс хойш нийлүүлэгчид нь 70 хүртэл хувийн хямдрал санал болгож эхэлжээ. Тус компанийн удирдагч Винсент Шю хэлэхдээ “Хятадын дотоодын зах зээлд өрсөлдөөн асар их, томоохон үйлдвэрлэгчид бараагаа борлуулах гарцгүй байна” гэж тайлбарлажээ. Webuy компани Хятадын Pinduoduo цахим худалдааны платформтой түншилж, долоо хоног бүр 5-6 чингэлэг бараа хүлээн авч, эцсийн хэрэглэгчдэд хүргэж буй аж.

Ийнхүү дотоод эрэлт сул, АНУ-ын тариф өндөр байгаа нөхцөлд Хятад улс экспортод түшиглэн эдийн засгаа дэмжих стратеги сонгож буй нь тодорхой болж байна. Үйлдвэрийн үнэ хоёр жил гаруйн хугацаанд уналттай хэвээр байгаа бол хэрэглээний инфляц тэг түвшний орчимд хадгалагдаж байгаа юм.

Корнеллийн их сургуулийн эдийн засагч Эсвар Прасадын хэлснээр дэлхийн ихэнх орон Хятадын экспортын түрэлтэнд автах вий хэмээн болгоомжилж, импортод хязгаарлалт тавих бодлого баримталж эхэлжээ.

Гэсэн ч инфляцын дарамтад орсон олон эдийн засагт Хятадаас ирж буй хямд бараа үнэ буулгах эерэг нөлөө үзүүлж байна. Тухайлбал, үйлдвэрлэлийн суурь хязгаарлагдмал Австрали зэрэг оронд энэ нь амьжиргааны өртгийг бууруулахад тус болох магадлалтай гэж Economist Intelligence Unit-ийн шинжээчид дүгнэжээ.

Ялангуяа Зүүн Өмнөд Азид энэ “Хятадын шок” цаашид эрчимжиж болзошгүй гэж Nomura банк үзэж, бүс нутгийн төв банкууд АНУ-ын Холбооны нөөцийн банкнаас тусгаарласан байдлаар бодлогын хүүгээ бууруулах төлөвтэй байна гэж мэдээлжээ. Тэд Энэтхэгийн төв банк 100 суурь нэгж, Филиппин, Тайланд тус бүр 75, харин Австрали, Индонез 50 суурь нэгжээр хүүгээ бууруулах хүлээлттэй байна.

Хятадын экспорт энэ оны эхний дөрвөн сард Зүүн Өмнөд Азийн орнууд руу 11.5 хувиар өссөн бол АНУ руу эсрэгээр 2.5 хувиар буурсан. Тухайлбал, дөрөвдүгээр сард л гэхэд Хятадаас ASEAN руу хийсэн экспорт 20.8 хувиар өссөн бол АНУ руу 21 гаруй хувиар огцом буурсан байна.

Goldman Sachs-ийн тооцооллоор Японд сүүлийн хоёр жилд Хятадаас импортолсон бүтээгдэхүүнүүд нь бусад улсаас орж ирдэг бараанаас дунджаар 15 хувиар хямд байна. Орон нутгийн үйлдвэрлэгчдээ хамгаалахын тулд Энэтхэг, Вьетнам, Индонез зэрэг орнууд зарим салбарт импортын татвар болон “анти-дэмпинг” арга хэмжээ авч эхэлжээ. Гэхдээ эдгээр орнуудад “хямд бараа, дотоод үйлдвэрлэлийн уналт” гэсэн хоёр талт дарамт улам нэмэгдэж байна.

Ялангуяа Тайланд хамгийн ихээр нэрвэгдэх магадлалтайг Nomura онцолж инфляцын түвшин төв банкны зорилтот түвшнээс доогуур орж болзошгүйг анхааруулсан байна. Ер нь Хятадын “шок” дахин давтагдах энэ нөхцөл байдалд бүс нутгийн эдийн засгууд нарийн тэнцвэр олох шаардлагатай болж байна.   

mobile-logo