- Энэтхэг улс дэлхийн дөрөв дэх том эдийн засаг болсон хэмээн тус улсын эх сурвалж мэдээлсэн нь нийгмийн сүлжээнд олон нийтийн анхаарлыг татаж байна.
- Харин ОУВС-ийн судалгааны дагуу 2025 он гэхэд Энэтхэгийн эдийн засаг 4.187 их наяд ам.долларт хүрч, 4.186 их наядаар хэмжигдэх Японы эдийн засгийг ялимгүй давах төлөвтэй байгаа аж.
- Энэтхэг эдийн засгийн хувьд дэвшилттэй байгаа ч тогтвортой өсөлтийг хангахын тулд хэд хэдэн шинэчлэл хийх шаардлагатай юм.

Энэтхэг улс дэлхийн дөрөв дэх том эдийн засаг болсон хэмээн тус улсын эх сурвалж мэдээлсэн нь нийгмийн сүлжээнд олон нийтийн анхаарлыг татаж байна.
Тус улсын ДНБ 2014 онд дэлхийд 10 дугаарт бичигдэж байсан ба эдийн засгийн хурдацтай өсөлт нь олныг гайхшируулаад буй. Энэтхэгийн төрийн өмчит бодлогын судалгааны байгууллага Niti Aayog-ийн гүйцэтгэх захирал Б.В.Р. Субраманямын хэлснээр “Намайг одоо ярьж байх зуур Энэтхэг дэлхийн дөрөв дэх том эдийн засаг болж байна. Энэ бол миний тоо биш, ОУВС-ийн тооцоолж буй үзүүлэлт” хэмээн хэлсэн байна.
“Энэтхэг өнөөдөр Японоос том болсон,” гэж Субраманям нэмж хэлээд, тус улс ойрын гурван жилийн дотор Германыг гүйцэж, АНУ ба Хятадын дараа гуравдугаарт орох болно гэв.
Харин ОУВС-ийн судалгааны дагуу 2025 он гэхэд Энэтхэгийн эдийн засаг 4.187 их наяд ам.долларт хүрч, 4.186 их наядаар хэмжигдэх Японы эдийн засгийг ялимгүй давах төлөвтэй байгаа аж.
Иймд албан ёсоор дэлхийн дөрөв дэх том эдийн засаг болоогүй ч өсөлтийн явцдаа явж байгааг тоо баримт харуулж байна.
“Энэтхэгийн хүн амын тоо болон залуусын боловсролын түвшин өсөж байгаа нь технологи, үйлчилгээний салбар дахь чадавхыг нэмэгдүүлж, үйлдвэрлэлийн төв болох зорилгыг дэмжиж байна” хэмээн Global X ETFs-ийн ахлах менежер Малколм Дорсон дурдлаа.
Энэтхэг эдийн засгийн хувьд дэвшилттэй байгаа ч тогтвортой өсөлтийг хангахын тулд хэд хэдэн шинэчлэл хийх шаардлагатай юм. Хэдийгээр тус улс дэлхийн дөрөв дэх том эдийн засаг болох гэж буй ч амьдралын түвшин, нийгэм-эдийн засаг, дэд бүтцийн хувьд Японоос ихээхэн хоцрогдсон хэвээр байна.
ОУВС-ийн тайлангийн дагуу Энэтхэгийн нэг хүнд ногдох ДНБ 2,880 ам.доллар байгаа нь Японы нэг хүнд ногдох ДНБ болох 33,960 ам.доллароос харьцангуй бага үзүүлэлт юм.
“Энэ зөрүүг арилгахад маш их өөрчлөлт шаардлагатай бөгөөд тээврийн дэд бүтцийг сайжруулах, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, ажлын байр, ур чадварыг хөгжүүлэхээс эхлэх хэрэгтэй” хэмээн TS Lombard компанийн Энэтхэгийг хариуцсан ахлах эдийн засагч Шумита Дэвешвар онцоллоо.