- Z үеийн залуус амьд харилцааг чухалчилж, өөрийн хамт олноо олох, зөвлөгөө авах зэрэг боломжийг эрэлхийлэх болсон байна.
- Z үеийн ажилчдын 91 хувь нь цахим болон биечлэн уулзах арга хэмжээг хослуулан, бусадтай харилцаа тогтоохыг хүсэж байна.
- Уулзалт, арга хэмжээ зохион байгуулах нь харилцаа үүсгэх чадвар сул, эсвэл бусдаас тусгаарлагдсан залуу ажилчдад нийгэмших боломжийг олгож байна.

Анх 2023 онд АНУ-ын Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Ерөнхий мэс засалч Вивек Мурти “ганцаардлын цар тахал” дэгдэж буйг анхааруулж, үүнд залуус хамгийн ихээр өртөж буйг онцолж байв.
Олон жилийн туршид онлайн хичээл, уулзалтад хамрагдаж, алсын зайнаас ажилласан Z үеийн залуус амьд харилцааг чухалчилж, өөрийн хамт олноо олох, зөвлөгөө авах зэрэг боломжийг эрэлхийлэх болсон байна.
АНУ-д төвтэй судалгааны “Freeman” компанийн 2,000 гаруй хөдөлмөр эрхлэгчдийн дунд явуулсан судалгааны тайланд, Z үеийн ажилчдын 91 хувь нь “Ажлын хамт олон болон салбарын бусад залуустай холбогдохын тулд цахим болон биечлэн уулзах арга хэмжээг хослуулан, харилцаа тогтоохыг хүсэж байна” гэжээ.
Уг хүсэлтээр Лондон хотын Канари Варф дүүргийн удирдлагууд өнгөрсөн жил залуу мэргэжилтнүүдэд зориулан “Wharf Connect” хөтөлбөрийг зохион байгуулжээ. Энэхүү хөтөлбөр нь залууст мэргэжлийн сургалт орох, нийгмийн арга хэмжээнд оролцох, танилын хүрээгээ тэлэх зэрэг боломжийг олгодог томоохон үйл ажиллагаа юм. Тус хөтөлбөрийн тухай 25 настай залуу мэргэжилтэн Вивек Хария “‘Wharf Connect’-ийн ачаар би олон найзуудтай болсон. Бид долоон хоног бүр уулзаж байна” хэмээн CNBC-д өгсөн ярилцлагадаа дурдав.
Шинжээчдийн дүгнэснээр, уулзалт, арга хэмжээ зохион байгуулах нь харилцаа үүсгэх чадвар сул, эсвэл бусдаас тусгаарлагдсан залуу ажилчдад нийгэмших боломжийг олгож байна гэж үзжээ.
Мөн энэ тухай “Workpalce Intelligence”-ийн удирдах түнш Дэн Шавбел “Залуус олон төрлийн дижитал орчноос татгалзаж, илүү амьд харилцааг эрмэлзэж байна” гэдгийг онцоллоо.