- Ерөнхийлөгч Юн Сок Ёль огцорсноос үүдэн зургадугаар сарын 3-нд ээлжит бус сонгууль болж байна.
- Ардчилсан намын И Жэ Мён санал асуулгуудаар тэргүүлж, хагарсан баруун төвийн хүчнүүдийн дундаас ялалт байгуулах төлөвтэй байна.
- Шинэ ерөнхийлөгч санал хураалтын маргаашнаас бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлнэ.

Бүгд Найрамдах Солонгос Улс улс төрийн гүн хямралын дараах шинэ эрин рүү шилжихийн өмнөх эгзэгтэй мөчид байна. Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлийн оролдсон цэргийн онц байдал хууль тогтоогчдын эсэргүүцэлтэй тулгарч, эцэст нь Үндсэн хуулийн цэцээс дөрөвдүгээр сард түүнийг албан тушаалаас нь огцруулах шийдвэр гаргасан юм. Үүний улмаас зургадугаар сарын 3-нд Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг товлосон бөгөөд шинэ Төрийн тэргүүн санал хураалтын дараах өдөр бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлнэ.
Уг нь цаг хугацааны хувьд 2027 онд болох байсан сонгууль дөрвөн жилээр урагшилж буй энэ удаагийн санал хураалтад гурван гол нэр дэвшигч өрсөлдөж байна. Ардчилсан намын дарга, сөрөг хүчний И Жэ Мён энэ удаа сонгогчдын дунд 50 хувьд дөхсөн дэмжлэг хүлээн, хамгийн өндөр дүнтэй яваа бол баруун төвийн "Ард түмний хүч" намын нэр дэвшигч Ким Мүн Су намынхаа дотоод хагарал, нэр хүндийн уналтаас болж байр суурь султай байна. Түүний хувьд Юны үед Хөдөлмөрийн сайдаар ажиллаж байсан намтартай ч одоогийн кампанит ажил нь дэмжигчдийн итгэлийг эргүүлэн олж авч чадахгүй байгаа бололтой.
Түүнчлэн улстөрийн гуравдагч хүчин болох "Шинэ Шинэтгэлийн нам"-ын төлөөлөл И Жүн Сок мөн анхаарал татаж буй юм. Харвардын их сургуулийн төгсөгч, дөнгөж 40 настай тэрбээр шинэ үеийн төлөөллийн хувиар залуу сонгогчдын дэмжлэгийг татахыг зорьж "Шинэ эхлэл" уриатайгаар сонгуулийн кампанит ажлаа өрнүүлж байгаа юм.
Энэ удаагийн сонгуулийн гол сэдэв нь эдийн засгийн өсөлтийг сэргээх, улс төрийн тогтвортой байдлыг хангах асуудал болоод байна. “Донга Илбо” сонины явуулсан санал асуулгаар сонгогчдын 40.7 хувь шинэ Ерөнхийлөгчөөс хамгийн түрүүнд эдийн засгаа хүчирхэгжүүлэхийг хүлээж байгаа бол 21.7 хувь нь нийгмийн зөрчлийг шийдвэрлэхийг чухалчилжээ.
Гол нэр дэвшигчид бүгд технологийн шинэчлэлийг дэмжих, хиймэл оюун зэрэг стратегийн чухал салбарт төрийн дэмжлэг үзүүлэх, АНУ-ын тарифын бодлогын дарамтад орсон экспортын компаниуддаа тусламж үзүүлэхээ илэрхийлсэн. Харин гадаад бодлогын хүрээнд, тухайлбал Умард Солонгосын цөмийн асуудал энэ удаа сонгогчдын хувьд тэргүүлэх сэдэв биш болжээ.
Санал хураалт дуусмагц үр дүнг шууд мэдээлж, санал тоолох ажил эхлэх бөгөөд бүрэн эрх шилжүүлэх уламжлалт хугацааг алгасаж, шинэ Ерөнхийлөгч зургадугаар сарын 4-нд тангаргаа өргөн ажилдаа орох юм байна. Шинэ төрийн тэргүүний ёслолын ажиллагаа Сөүл хот дахь Үндэсний Ассемблейн танхимд болох бол ажлаа явуулах байршил нь энэ удаад онцлог сэдэв болж байна. Өмнөх Ерөнхийлөгч Юн Сок Ёль Ерөнхийлөгчийн ажлын албыг Ёнсан руу нүүлгэж байсан ч, И Жэ Мён ялалт байгуулвал уламжлалт “Хөх ордон”-д буцаж ажиллах бодолтой буйгаа илэрхийлжээ.