- АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент болон худалдааны төлөөлөгч Жэймисон Грийр нар энэ амралтын өдрүүдэд Швейцарт БНХАУ-ын төлөөлөгчидтэй уулзана.
- Бессент “Энэ удаагийн уулзалт нь худалдааны том гэрээ байгуулах бус, сөргөлдөөнөө намжаах эхлэл болох байх” хэмээн мэдэгдсэн байна.
- Хятадын Гадаад хэргийн яамнаас дэд Ерөнхий сайд Хэ Лифэн уулзалтад оролцохыг албан ёсоор баталжээ.

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент болон худалдааны төлөөлөгч Жэймисон Грийр нар энэ амралтын өдрүүдэд Швейцарт БНХАУ-ын төлөөлөгчидтэй уулзаж, худалдаа, эдийн засгийн асуудлаар хэлэлцэнэ гэдгээ албан ёсоор мэдээллээ.
Бессентийн хэлснээр, АНУ болон Хятад хоёрын ашиг сонирхол огтлолцож буй бөгөөд одоо хэрэгжүүлж буй АНУ 145 хувийн, Хятад 125 хувийн өндөр тариф нь бараг л худалдааны хориг тавьж байгаатай адил бөгөөд ийм байдал удаан үргэлжлэх боломжгүй гэжээ. Түүнчлэн тэрбээр “Энэ удаагийн уулзалт нь худалдааны том гэрээ байгуулах бус, сөргөлдөөнөө намжаах эхлэл болох байх” хэмээн мэдэгдсэн байна.
Хоёр орны төлөөлөгчид Швейцарт тус улсын Ерөнхийлөгч Карин Келлер-Зуттертай ч мөн уулзахаар төлөвлөжээ. Хятадын Гадаад хэргийн яамнаас дэд Ерөнхий сайд Хэ Лифэн уулзалтад оролцохыг албан ёсоор баталжээ.
Бессентийн зүгээс “Эдийн засгийн аюулгүй байдал бол үндэсний аюулгүй байдал” хэмээгээд, хэлэлцээний гол зорилгыг “АНУ-ын ашиг сонирхлыг хамгаалах, олон улсын эдийн засгийн тэнцвэрийг хангахад чиглэнэ” гэж мэдэгдсэн байна. Харин Грийр “Ерөнхийлөгч Трампын даалгавраар бид худалдааны харилцааны тэнцвэрийг сахиулахаар хэлэлцэх гэж байна” хэмээжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Трамп өмнө нь Хятадын тал уулзах сонирхолтой байгааг онцолж, цаг нь болохоор хэлэлцээ хийнэ хэмээн мэдэгдэж байжээ. Тэрбээр “АНУ бусадтай гэрээ байгуулах гэж яарахгүй, харин бусад улс орон л манай зах зээлд нэвтрэхийг хүсэж байгаа” хэмээн онцолсон байна.