Хятадын газрын ховор элементийн экспорт сүүлийн зургаан сарын дээд түвшинд хүрлээ
08 сарын 19, 2025
ХУВААЛЦАХ
  • БНХАУ-ын газрын ховор элементийн экспорт өнгөрсөн долдугаар сард 69 хувиар огцом өсөж, 6,422 тоннд хүрлээ.
  • Тус өсөлт нь энэ оны нэгдүгээр сараас хойш үзэгдээгүй хамгийн өндөр үзүүлэлт юм.
  • Шинжээчид уг өсөлтийг БНХАУ ховор элементийн экспортын хязгаарлалтыг сулруулсантай холбон тайлбарлаж байна.
Энэ нь өнгөрсөн нэгдүгээр сараас хойш буюу сүүлийн зургаан сарын дээд түвшин юм.

БНХАУ-ын газрын ховор элементийн экспорт өнгөрсөн долдугаар сард 69 хувиар огцом өсөж, 6,422 тоннд хүрлээ. Энэ нь өнгөрсөн нэгдүгээр сараас хойш буюу сүүлийн зургаан сарын дээд түвшин юм.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Дональд Трампын засаг захиргаа тарифын хатуу бодлого танилцуулж, улмаар БНХАУ-ын зүгээс газрын ховор элементийн экспортыг хязгаарлах бодлого баримталж эхлээд байсан юм. Харин сүүлийн саруудад АНУ, БНХАУ-ын хурцадмал байдал зөөлөрч, Бээжин дэх эрх баригчдын зүгээс экспортын хязгаарлалтуудаа сулруулж эхэлсэнтэй холбоотойгоор ийнхүү дэвшилтэт технологид нэн шаардлагатай ховор элементийн экспортод өсөлт ажиглагдав.

Авто үйлдвэрлэл болон өндөр технологийн салбарт чухал үүрэгтэй газрын ховор элементийн нийт нийлүүлэлтийн 90 хувийг Хятад дангаар эзэлдэг. Тус материалд экспортын хязгаарлалт тогтоосноор АНУ төдийгүй Европ, Энэтхэгийн автомашин болон электрон тоног төхөөрөмж үйлдвэрлэгч компаниудын нийлүүлэлт доголдож, үйлдвэрүүдийн үйл ажиллагаа саатах эрсдэл үүсээд байжээ.

Гэсэн хэдий ч Америк, Хятадын талууд харилцан өндөр татвар ногдуулах хугацааг дахин 90 хоногоор сунгах тохиролцоонд хүрч,  бараа тээвэрлэлт тогтворжиж эхэлсэн байна.

Олон жилийн турш БНХАУ-аас газрын ховор элементийн хараат байсан АНУ-ын хувьд, Вашингтоны эрх баригчид дотоодын газрын ховор элемент болон соронзон материалын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх төлөвлөгөө боловсруулж, тус улсын газрын ховор элемент олборлогч “MP Materials” компанид томоохон хөрөнгө оруулалт хийхээр болоод буй.  

mobile-logo