- Хувьцаат компанид ажиллагсдын сарын дундаж цалин 2.7 сая төгрөг байна.
- 3.5 сая төгрөгөөс дээш цалинтай даатгуулагчийн эзлэх хувь хамгийн их буюу 16.9 хувьд хүрчээ.
- Олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн газар ажилладаг хүмүүсийн цалин тайлангийн хугацаанд 3.0 хувиар буурчээ.
2024 оны эхний хагас жилийн байдлаар ажиллагсдын сарын дундаж цалинг бүсээр авч үзэхэд, Улаанбаатар хот, Төвийн бүсэд 2.5 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 22.0-66.5 мянган төгрөгөөр ахиу, бусад бүсэд дээрх цалингаас 83.1-447.1 мянган төгрөгөөр доогуур байна.
Байгууллагын хариуцлагын хэлбэрээр авч үзвэл, хувьцаат компанид ажиллагсдын сарын дундаж цалин 2.7 сая төгрөг, төрийн өмчит үйлдвэрийн газрын сарын дундаж цалин 3.0 сая төгрөг байгаа нь улсын дундаж цалингаас 276.2-581.1 мянган төгрөгөөр их байна. 2024 оны хоёрдугаар улирлын байдлаар аж ахуйн нэгж байгууллагын ажиллагсдын сарын голч цалин 2.027 сая төгрөг байна. Хамгийн сүүлийн мэдээллээр манайд 51.7 мянган аж ахуйн нэгж, байгууллагын 775.7 мянган хүн нийгмийн даатгалын шимтгэл төлдөг.
Голч цалин улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 591.8 мянган төгрөгөөр нэмэгджээ. Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2024 оны хоёрдугаар улирлын байдлаар 2464.9 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 574.8 мянган төгрөгөөр нэмэгджээ.
Гэхдээ энэ цалингийн өсөлт салбар бүрт харилцан адилгүй байна. Тухайлбал, урлаг соёл, үзвэр үйлчилгээ, тоглоом наадмын үйл ажиллагаа эрхэлдэг хүмүүсийн цалинд бодитой том өөрчлөлт гараагүй. Мөн олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн газар ажилладаг хүмүүсийн цалин харин эсрэгээрээ тайлангийн хугацаанд 3.0 хувиар буурчээ.
Тэгвэл 3.5 сая төгрөгөөс дээш цалинтай даатгуулагчийн эзлэх хувь хамгийн их буюу 16.9 хувь байгаа бол 550.0 мянган төгрөг хүртэлх цалинтай даатгуулагчийн эзлэх хувь 2.5 буюу хамгийн бага байна.
Дундаж цалинг хүйсээр авч үзвэл, эрэгтэйчүүдийнх 2.7 сая төгрөг, эмэгтэйчүүдийнх 2.2 сая төгрөг буюу эрэгтэйчүүдээс 516.7 мянган төгрөгөөр бага байна. Эрэгтэй, эмэгтэй ажиллагсдын дундаж цалингийн зөрүү 2024 оны хоёрдугаар улиралд 19.0 хувь болж, өмнөх оны мөн үеэс 1.1 нэгж хувиар буурчээ.Үүнийг нэг талаас нь ажил олгогчид хүйсийн байдалд ач холбогдол өгөхөөс илүү ур чадварт өндөр цалин олгодог хандлагад шилжиж байна гэж хэлж болно.