- Трамп Энэтхэгийн зарим бараанд нэмэлт 25%-ийн гаалийн татвар ногдуулахаар болсныг Энэтхэг ОХУ-аас газрын тосны худалдан авч буйтай холбон тайлбарлаж байна.
- Энэтхэгийн зүгээс “Бид хэнээс шатахуун худалдан авахаа бие даан шийдэх эрхтэй. Импортоо зогсоовол дэлхийн газрын тосны үнэ өсөх эрсдэлтэй” гэж мэдэгдэв.
- АНУ нь BRICS-ийн гишүүн орнуудтай нэг дор хурцадмал байдал үүсгэж байгаа нь зах зээлийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлнө.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Энэтхэгийн зарим бараанд нэмэлт 25%-ийн гаалийн татвар ногдуулахаар шийдвэрлэж, нийт тариф 50% болсныг лхагва гарагт мэдэгдэв. Тэрбээр үүнийг Энэтхэг улс ОХУ-аас газрын тосны бүтээгдэхүүн худалдан авч буйтай холбон тайлбарлаж, “Энэтхэг улс Оросоос газрын тос худалдан авч буй нь дайны машинд шатахуун өгч буй хэрэг. Үүнд бид тийм ч баяртай биш байна” хэмээн тайлбарлав.
“Rystad Energy” компанийн газрын тосны ахлах шинжээч Мукеш Сахдев CNBC-д энэ талаар “АНУ-ын зүгээс Энэтхэгийг Орост дайныг зогсоох шаардлага тавьж, хатуу байр суурь баримтлахыг хүсэж байна. Гэвч уг нөхцөл байдалд бид төвийг сахих болно. Геополитикийн зөрчилдөөн өнөөгийн газрын тосны зах зээлтэй зөрчилдөж байна” гэдгийг онцлов.
Хэдий олон улсын шүүмжлэлд өртөөд буй ч Энэтхэгийн зүгээс “Бид хэнээс шатахуун худалдан авахаа бие даан шийдэх эрхтэй” гэсэн байр суурийг илэрхийлээд байна.
Энэтхэгийн Газрын тосны сайд Хардип Сингх Пури өнгөрсөн долдугаар сард CNBC-д өгсөн ярилцлагадаа “Бид газрын тосыг хэнээс ч худалдан авч болно. Оросын газрын тосыг Их 7 бүлгийн орнууд хориглосон үед ч АНУ тэргүүтэй түншүүдтэй үнийн хязгаарыг тогтоон худалдаж авах талаар зөвшилцсөн. Энэтхэг ОХУ-аас газрын тос худалдан авч буй нь тухайн зах зээлийг үнийн хөөргөдөлд өртөхөөс сэргийлж байна. Хэрэв Энэтхэг импортоо зогсоовол дэлхийн газрын тосны үнэ нэг баррель нь 200 ам.доллар давж өсөх эрсдэлтэй” гэдгийг мэдэгдлээ.
Энэтхэг нь дэлхийн газрын тосны гурав дахь том импортлогч бөгөөд өдөрт 5.2 сая баррель боловсруулах хүчин чадалтай. Үүний 1.24 сая баррель нь зөвхөн “Jamnagar” үйлдвэрт ногддог. Олон улсын эрчим хүчний агентлагийн таамаглалд 2030 он хүртэл тус улсын газрын тосны эрэлт өдөрт 1 сая баррелиар өсөх таамаглалтай байгаа юм.
Европын орнууд Оросын түүхий эд, газрын тос болон байгалийн хий зэрэгт худалдааны хориг тогтоосон нь Энэтхэгийн хувьд газрын тосыг Оросоос хямд үнээр импортлох таатай нөхцөл бүрдүүлж, 2021 онд өдөрт дунджаар 100 мянган баррель импортолж байсан нь өдгөө 1.796 сая баррельд хүрээд байна.
“Kpler” компанийн шинжээч Сумит Ритолиа “Энэтхэгийн үйлдвэрүүд Оросын газрын тосонд нийцүүлэн үйлдвэрлэлийн системээ өөрчилсөн. Цаашид Оросын газрын тосноос өөр сортыг ашиглах нь логистикийн хувьд төвөгтэй, эдийн засгийн хувьд өндөр зардалтай байна” гэдгийг онцолж байна.
АНУ-ын тарифын өсөлт Энэтхэгийн эрчим хүчний өртөгт сөргөөр нөлөөлж, инфляцыг хянах Төв банкны оролдлогод дарамт учруулж болзошгүй ба худалдааны зарим эх сурвалж Энэтхэгийн үйлдвэрүүд богино хугацаанд газрын тосыг өөр улсаас нийлүүлэхээр төлөвлөж буйг мэдээлээд байна.
Харин “Rystad Energy”-ийн Сахдев “Хоёр улсын хооронд нийлүүлэлтэд тасалдал, доголдол зэрэг асуудал гарч болзошгүй байна. Мөн АНУ нь BRICS-ийн гишүүн улсуудтай нэг дор хурцадмал байдал үүсгэж байгаа нь Вашингтон дахь эрх баригчид зах зээлд тогтвортой байдлыг бүрдүүлнэ гэсэн амлалтад сөргөөр нөлөөлж болно” гэж дүгнэлээ.