bnr-0
Трампын койн эзэмшигчдийн оройн зоогт гадаадын хөрөнгө оруулагчид давамгай оролцоно
05 сарын 19, 2025
ХУВААЛЦАХ
  • АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тавдугаар сарын 22-нд Виржиниа муж дахь хувийн гольфын клубтээ $TRUMP хэмээх криптовалютынхаа хамгийн том эзэмшигчдийг оройн зоогт урьжээ.
  • Койны ханш өндөр хэлбэлзсээр буй бөгөөд зарим хөрөнгө оруулагч ихээхэн ашиг олсон ч, нийт 600,000 орчим крипто хэтэвч 3.9 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ.
  • Тус койн энэ оны нэгдүгээр сард нээлтээ хийж, богино хугацаанд зах зээлийн нийт үнэлгээ нь 15 тэрбум ам.долларт хүрсэн ч удалгүй ханш нь огцом унасан.
Шинжээчдийн мэдээлснээр, $TRUMP койны тэргүүлэгч эзэмшигчдийн олонх нь АНУ-д үйл ажиллагаа явуулдаггүй олон улсын биржүүдтэй холбоотой байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тавдугаар сарын 22-нд Виржиниа муж дахь хувийн гольфын клубтээ $TRUMP хэмээх криптовалютынхаа хамгийн том эзэмшигчдийг оройн зоогт урьжээ. Гэвч тэргүүлэгч хөрөнгө эзэмшигчдийн олонх нь Америкийн иргэн бус, гадаадын хөрөнгө оруулагчид байж болзошгүй байна.

Шинжээчдийн мэдээлснээр, $TRUMP койны тэргүүлэгч эзэмшигчдийн олонх нь АНУ-д үйл ажиллагаа явуулдаггүй олон улсын биржүүдтэй холбоотой бөгөөд энэ нь эзэмшигчид Америкийн иргэд биш байх магадлалтай хэмээв. Тухайлбал, Хятадад төрсөн крипто бизнес эрхлэгч Жастин Сан $TRUMP койны хамгийн том эзэмшигчдийн нэг хэмээгдэж буй бөгөөд тэрбээр 75 сая ам.долларын койн худалдаж авсан талаар мэдээлжээ. Түүнчлэн оройн зоогийн тухай зарласны дараа тэрбээр 4.5 сая ам.долларын койн нэмж авсан аж.

Койны ханш өндөр хэлбэлзсээр буй бөгөөд зарим хөрөнгө оруулагч ихээхэн ашиг олсон ч, нийт 600,000 орчим крипто хэтэвч 3.9 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ.

АНУ-ын сенатч Ричард Блументаль $TRUMP койн болон түүнтэй холбоотой хөрөнгө оруулалтууд нь гадаадын сонирхол бүхий этгээдүүд Трамптай шууд бус замаар холбогдох боломж олгож болзошгүйг анхааруулсан. Жишээлбэл, Nasdaq-д бүртгэлтэй АНУ-ын “Freight Technologies” логистикийн компани АНУ-Мексикийн худалдааны бодлогод нөлөөлөх зорилгоор $TRUMP койнд 2 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн боловч зоогт оролцох болзлыг хангаж чадаагүй байна.

$TRUMP койны 80 хувийг Трампын гэр бүл болон түүнтэй холбоотой байгууллагууд эзэмшдэг. Тус койн энэ оны нэгдүгээр сард нээлтээ хийж, богино хугацаанд зах зээлийн нийт үнэлгээ нь 15 тэрбум ам.долларт хүрсэн ч удалгүй ханш нь огцом унасан. Харин дөрөвдүгээр сард оройн зоогийн тухай мэдээ тарсны дараа түр хугацаанд 50 хувиар өссөн ч дахин буурсан юм.

Цагаан ордны мэдэгдэлд дурдсанаар, Ерөнхийлөгч Трампын хөрөнгийг түүний хүүхдүүдийн удирддаг итгэлцлийн санд хадгалдаг бөгөөд ашиг сонирхлын зөрчил байхгүй гэжээ.   

mobile-logo