- Alibaba компанийн Taobao болон Tmall салбарын борлуулалт энэ оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 9 хувиар өсөж, 101.37 тэрбум юань (ойролцоогоор 13.97 тэрбум ам.доллар)-д хүрсэн байна.
- JD.com компани цахилгаан бараа, гэр ахуйн хэрэгслийн борлуулалт өнгөрсөн оны мөн үеэс 17 хувиар өссөн гэж мэдэгдэв.
- Түүнчлэн хиймэл оюун ухааны тусламжтайгаар зар сурталчилгааны хэрэглэгчид хүрэх хүртээмж нэмэгджээ.

Alibaba, Tencent, JD.com компаниуд энэ оны эхний улирлын санхүүгийн тайлангаа нийтэлж, Хятадын хэрэглэгчдийн зарцуулалт сайжирч байгаагаас гадна хиймэл оюун ухаан нь зар сурталчилгаанд эерэг нөлөө үзүүлж байгааг харууллаа.
Alibaba компанийн Taobao болон Tmall салбарын борлуулалт энэ оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 9 хувиар өсөж, 101.37 тэрбум юань (ойролцоогоор 13.97 тэрбум ам.доллар)-д хүрсэн байна. Гэвч эдгээр тайлангууд нь дөрөвдүгээр сараас өмнөх хугацааг хамарч буй бөгөөд тухайн үед АНУ, Хятадын хоорондын тогтоогоод буй 100 хувиас дээш татварууд хараахан үйлчилж эхлээгүй байсан юм.
JD.com компани цахилгаан бараа, гэр ахуйн хэрэгслийн борлуулалт өнгөрсөн оны мөн үеэс 17 хувиар өссөн гэж мэдэгдэв.
Түүнчлэн хиймэл оюун ухааны тусламжтайгаар зар сурталчилгааны хэрэглэгчид хүрэх хүртээмж нэмэгджээ. Tencent-ийн дурдсанаар зар сурталчилгаа дээр дарж үзэх давтамж 3 хувьд хүрсэн нь бусад төрлийн зар сурталчилгааны үзүүлэлтээс өндөр түвшин аж.
WeChat-ийн сарын дундаж хэрэглэгчдийн тоо анх удаа 1.4 тэрбумд хүрчээ. Tencent пүрэв гарагт WeChat доторх өөрийн цахим худалдааны бизнес нь хэт томорсон тул одоо тусдаа нэгж болж байгаа гэж мэдээлсэн байна.
“Хиймэл оюун ухаанд суурилсан зар сурталчилгаанууд үр ашгийг нэмэгдүүлж, алгоритм сайжирснаар, эдийн засгийн ерөнхий нөхцөл тааруу байсан ч хэрэглэгчдэд чиглэсэн илүү оновчтой сурталчилгаа хүрэх боломжтой болж байна. Одоогоор эдгээр нь ямар хэмжээний нэмэлт ашиг олж байгаа нь бүрэн тодорхой биш ч тодорхой хэмжээнд орлого олж эхэлсэн нь харагдаж байна” хэмээн Morningstar-ын Ази тивийн хөрөнгийн зах зээлийн стратегич Кай Ван онцоллоо.
Жишээлбэл, YouTube лхагва гарагт зар сурталчилгааны зорилтот бүлэгт хүрэхийн тулд Google-ийн Gemini AI загварыг ашиглах боломжийг зар сурталчилгааны түншүүддээ санал болгосон юм.