Монголчуудын хөдөлмөрийн бүтээмж 4.8 хувиар өслөө
10 цагийн өмнө
ХУВААЛЦАХ
  • 2025 оны хоёрдугаар улиралд нэг ажиллагчид ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 6.2 сая төгрөг болжээ.
  • Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 283.2 мянган төгрөгөөр буюу 4.8 хувиар өссөн үзүүлэлт юм.
  • Салбарын бүтээмжийн хувьд аж үйлдвэр, барилга, хөдөө аж ахуй болон үйлчилгээний салбаруудад өсөлт гарсан байна.
2025 оны эхний хагас жилд аж үйлдвэр, барилга, хөдөө аж ахуй болон үйлчилгээний салбаруудад өсөлт гарсан байна.

2025 оны хоёрдугаар улиралд нэг ажиллагчид ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) буюу хөдөлмөрийн бүтээмж 2015 оны зэрэгцүүлэх үнээр 6.2 сая төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 283.2 мянган төгрөгөөр буюу 4.8 хувиар өссөн үзүүлэлт юм. 

Салбарын бүтээмжийн хувьд 2025 оны эхний хагас жилд аж үйлдвэр, барилга, хөдөө аж ахуй болон үйлчилгээний салбаруудад өсөлт гарсан байна. Харин уул уурхай, олборлолтын салбарт бууралт ажиглагдсан нь нийт бүтээмжийн өсөлтийг тодорхой хэмжээнд сааруулжээ.

Үйлдвэрлэл, барилгын салбарт нэг ажиллагчид ногдох нэмэгдэл өртөг 3.9 сая төгрөг болж, өмнөх оноос 79.4 мянгаар буюу 2.1 хувиар нэмэгдсэн байна. Хөдөө аж ахуйн салбарынх 4.6 сая төгрөг болж, 745.1 мянгаар буюу 19.1 хувиар өсчээ. Үйлчилгээний салбарт нэг ажиллагчийн бүтээмж 5.2 сая төгрөг болж, 296.5 мянгаар буюу 6.0 хувиар нэмэгдсэн байна.

Харин уул уурхай, олборлолтын салбарт нэг ажиллагчид ногдох нэмэгдэл өртөг 11 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.4 сая төгрөгөөр буюу 11.5 хувиар буурсан нь онцлох өөрчлөлт болж байна.

Ажиллагчдыг эдийн засгийн үндсэн салбараар авч үзвэл, 2025 оны хоёрдугаар улирлын байдлаар нийт ажиллагчдын 49 хувь нь үйлчилгээний салбарт, 26.7 хувь нь хөдөө аж ахуйн салбарт, 24.3 хувь нь аж үйлдвэр, барилгын салбарт ажиллаж байна.   

mobile-logo