- Дональд Трампын засаг захиргаа ган болон хөнгөнцагаан агуулсан 407 нэр төрлийн бүтээгдэхүүний импортод 50 хувийн татвар ногдуулахаар шийдвэрлэлээ.
- Тухайн шинэ жагсаалтад галын хор, тавилгын эд анги, салхин турбин, кран, галт тэрэгний чиргүүл, автомат шахуурга болон хийн компрессор зэрэг ган, хөнгөнцагаан зэргээс бүтсэн, тэдгээрийг агуулсан бүтээгдэхүүн багтжээ.
- Одоогоор Худалдааны яамнаас жагсаалтад шинээр багтаасан 407 нэр төрлийн бүтээгдэхүүний дэлгэрэнгүй жагсаалтыг хараахан танилцуулаагүй байна.

Дональд Трампын засаг захиргаа ган болон хөнгөнцагаанд ногдуулах татварын хамрах хүрээг тэлж, эдгээр түүхий эд агуулсан 407 нэр төрлийн бүтээгдэхүүнд 50 хувийн татвар ногдуулахаар шийдвэрлэлээ. Тус шийдвэр нь өнгөрсөн даваа гарагаас эхлэн хэрэгжиж эхэлсэн байна.
Тухайн шинэ жагсаалтад галын хор, тавилгын эд анги, салхин турбин, кран, галт тэрэгний чиргүүл, автомат шахуурга болон хийн компрессор зэрэг ган, хөнгөнцагаан зэргээс бүтсэн, тэдгээрийг агуулсан бүтээгдэхүүн багтаад буй.
Энэ тухай “Kuehne + Nagel International AG” компанийн гаалийн асуудал эрхэлсэн дэд захирал Брайан Балдвин “Автомат хэрэгсэл, химийн бодис, хуванцар, тавилгын эд анги зэрэг гялалзсан, металл шинж чанартай, эсвэл ган, хөнгөнцагаан агуулсан л бол энэ жагсаалтад багтах төлөвтэй байна. Тэд ган, хөнгөнцагаантай холбоотой бүх төрлийн эд анги, сэлбэг зэргийг хатуу хянаж, зохицуулж байна” хэмээн мэдээллээ.
АНУ-ын Худалдааны яамны Аж үйлдвэр, аюулгүй байдал эрхэлсэн дэд сайд Жеффри Кесслерийн мэдээлснээр, “Бид татварын бодлогыг илүү өргөн хүрээнд хэрэгжүүлнэ. Энэхүү шийдвэр нь татвараас зайлсхийж буй явдлыг таслан зогсоох, мөн дотоодын ган, хөнгөнцагааны үйлдвэрлэлийн сэргэлтийг дэмжих зорилготой” хэмээн тайлбарлалаа.
Одоогоор тус яамны зүгээс жагсаалтад шинээр багтаасан 407 нэр төрлийн бүтээгдэхүүний дэлгэрэнгүй жагсаалтыг хараахан танилцуулаагүй байна.
Цагаан ордны төлөөлөгч Куш Десайн мэдээлснээр, тухайн 407 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнд тариф ногдуулж буй нь “гайхах зүйл биш” хэмээн онцолж, “ган болон хөнгөнцагаан агуулсан бүтээгдэхүүнд тариф ногдуулах нь тодорхой байсан’ гэлээ.