- “The Friendship Tab” судалгаагаар милленниал болон Z үеийнхэн сар бүр дунджаар 250 ам.доллар буюу 870 мянган төгрөг орчмыг зөвхөн нийгмийн харилцаандаа зарцуулдаг болох нь тогтоогджээ.
- Судалгаагаар, оролцогчдын 44% нь өндөр зардлаас шалтгаалан томоохон арга хэмжээнүүдээс (концерт, аялал, эсвэл үнэтэй ресторан зэрэг) татгалзаж байсан байна.
- Санхүүгийн дарамт байсан ч залуус найз нөхдийн холбоогоо хадгалахыг хүссээр байгаа бөгөөд тэдний ихэнх мөнгө хоол хүнс, согтууруулах ундаанд зарцуулагдаж байна.

Өнөөгийн залуусын хувьд найз нөхөдтэйгээ харилцаагаа хадгалах нь зөвхөн цаг хугацааны асуудал биш, санхүүгийн томоохон сорилт болж хувирч байна.
АНУ-д Ally Bank-аас хийсэн “The Friendship Tab” судалгаагаар милленниал болон Z үеийнхэн сар бүр дунджаар 250 ам.доллар буюу 870 мянган төгрөг орчмыг зөвхөн нийгмийн харилцаандаа зарцуулдаг болох нь тогтоогджээ. Үүнд төрсөн өдөр, хурим найр, эсвэл гэнэтийн уулзалт, цуглаан багтаагүй аж.
Ресторан, кофе шоп, клубт найзуудтайгаа уулзах, аялал зугаалгад хамт явах, бэлэг сэлт бэлтгэх зэрэг нь сар бүрийн төсөвт мэдэгдэхүйц дарамт учруулдаг болоод буй.
Залуус 200-300 ам.долларыг сар бүр найз нөхдийн харилцаандаа зарцуулж байна. Судалгаагаар, оролцогчдын 44% нь өндөр зардлаас шалтгаалан томоохон арга хэмжээнүүдээс (концерт, аялал, эсвэл үнэтэй ресторан зэрэг) татгалзаж байсан байна. Мөн дөрөвний нэг нь найзуудынхаа төлөвлөгөөнд оролцож чадахгүй байхдаа өөрсдийгөө орхигдсон мэт мэдэрдэг гэжээ.
Энэхүү судалгааг Ally Bank захиалан хийсэн бөгөөд “The Friendship Tab” нэртэйгээр гаргажээ. Үр дүнгээс үзвэл милленниал болон Z үеийн залуусын 42% нь жилд хэт их зардал гаргадаг бол 18% нь бараг сар бүр төсвөөсөө давж зарцуулдаг байна.
Мөн судалгаанд оролцогчдын 25% орчим нь найз нөхдийнхөө амьдралын хэв маяг, санхүүгийн боломжийн ялгаанаас болж түгшүүртэй болсон гэжээ. Харин 22% нь найзуудтайгаа хамтдаа үйл ажиллагаанд оролцохдоо төлбөрийн боломжтой эсэхдээ эргэлзэж санаа зовдог гэсэн байна. Бараг 20% нь өөрийнхөө бодит санхүүгийн нөхцөл байдлын талаар найзууддаа нээлттэй ярьж чаддаггүй гэжээ.
Санхүүгийн дарамт байсан ч залуус найз нөхдийн холбоогоо хадгалахыг хүссээр байгаа бөгөөд тэдний ихэнх мөнгө хоол хүнс, согтууруулах ундаанд зарцуулагдаж байна. Залуусын 32% нь долоо хоногт дор хаяж нэг удаа баар эсвэл ресторанд найзтайгаа уулздаг гэжээ. Харин 52% нь ойр дотнын 1-3 найзтайгаа тогтмол уулздаг байна.