- Энэ оны байдлаар улсын төсвөөс 2.2-2.4 их наяд төгрөгийг халамжийн зардал болгон хуваарилсан байна.
- Үүний 1.7 их наяд төгрөг нь хүүхдийн мөнгөн тэтгэмж байна.
- Манай улс “Ядуурлыг устгах” зорилгын хүрээнд нийт долоон зорилтыг дэвшүүлж, 14 шалгуур үзүүлэлтээр хэрэгжилтийг хэмжиж байна.

Дэлхийн банкнаас хийсэн тооцооллоор 2022 оны байдлаар Монгол Улс дундаж орлоготой улсын тоонд багтаж байгаа бөгөөд хүний амын 2.4 хувь нь өдөрт 3.65 ам.доллароос бага орлоготой байжээ. Монгол Улсын ядуурлын түвшин 2022 онд 27.1 хувь буюу 913 мянган хүн ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй амьдарч байжээ.
Энэ оны байдлаар улсын төсвөөс 2.2-2.4 их наяд төгрөгийг халамжийн зардал болгон хуваарилсан байна. Үүний 1.7 их наяд төгрөг нь хүүхдийн мөнгөн тэтгэмж байна. Халамж хүртэх шаардлагатай зорилтот бүлгүүдэд 600-700 тэрбум төгрөгийн зардал бодитойгоор хүрч байгаа эсэх дээр нягт тооцоолол хийж, бодлогоо оновчлох шаардлагатай байгааг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд онцолсон байна. Улсын хэмжээнд 560 орчим нийгмийн ажилтан ажиллаж байгаа ба халамж хүртэгчдийн тоо маш өндөр учраас нийгмийн ажилтнуудын ачаалал өндөр байдаг байна. 10 мянгаас дээш хүн амтай зарим суманд 2 нийгмийн ажилтан ажилладаг талаар Улсын Их Хурлын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны хуралдаанаар онцоллоо.
Манай улс Тогтвортой хөгжлийн зорилгын 1 дүгээр зорилт болох “Ядуурлыг устгах” зорилгын хүрээнд нийт долоон зорилтыг дэвшүүлж, 14 шалгуур үзүүлэлтээр хэрэгжилтийг хэмжиж байна.