bnr-0
Рэй Далио: АНУ-ын Засгийн газрын бондод учрах эрсдэл Moody’s агентлагийн хэлж байгаагаас ч илүү ноцтой
05 сарын 20, 2025
ХУВААЛЦАХ
  • Bridgewater Associates-ийн үүсгэн байгуулагч, тэрбумтан Рэй Далио даваа гарагт мэдэгдэхдээ, АНУ-ын Засгийн газрын зээлжих зэрэглэлийг Moody’s агентлаг бууруулсан нь АНУ-ын Засгийн газрын бондын эрсдэлийг дутуу үнэлсэн гэж анхаарууллаа.
  • Moody’s өнгөрсөн баасан гарагт АНУ-ын зээлжих зэрэглэлийг хамгийн өндөр үнэлгээ болох Aaa-гаас нэг шатлалаар бууруулж Aa1 болгосон.
  • Даваа гарагт АНУ-ын зах зээлд хувьцаануудын ханш унаж, 30 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөж 4.995 хувьд хүрч өссөн бол 10 жилийн бондын өгөөж 4.521 хувь болж өсчээ.
Bridgewater Associates-ийн үүсгэн байгуулагч, тэрбумтан Рэй Далио.

Bridgewater Associates-ийн үүсгэн байгуулагч, тэрбумтан Рэй Далио даваа гарагт мэдэгдэхдээ, АНУ-ын Засгийн газрын зээлжих зэрэглэлийг Moody’s агентлаг бууруулсан нь АНУ-ын Засгийн газрын бондын эрсдэлийг дутуу үнэлсэн гэж анхаарууллаа. Учир нь уг агентлаг Засгийн газар өрөө төлөхийн тулд зүгээр л мөнгө хэвлэх эрсдэлийг тооцоогүй байна гэжээ. 

“Зээлжих зэрэглэлүүд нь зөвхөн Засгийн газар өрөө төлөхгүй байх эрсдэлийг л үнэлдэг тул бодит эрсдэлийг дутуу үнэлдэг гэдгийг та бүхэн мэдэх ёстой. Улс орнууд өрөө төлөхийн тулд мөнгө хэвлэж эхлэх үед, бонд эзэмшигчдийн хүртэх өгөөжийн үнэ цэн унаснаас болж хохирол амсдаг. Энэ нь илүү том эрсдэл юм” хэмээн Далио онцоллоо.

Moody’s өнгөрсөн баасан гарагт АНУ-ын зээлжих зэрэглэлийг хамгийн өндөр үнэлгээ болох Aaa-гаас нэг шатлалаар бууруулж Aa1 болгосон. Энэ нь тус улсын төсвийн алдагдал нэмэгдэж, өрийн хүүгийн төлбөр өссөнтэй холбоотой гэж тайлбарласан. Үүгээрээ Moody’s нь АНУ-ын зэрэглэлийг бууруулсан гурван том агентлагийн сүүлийнх нь болсон юм.

Даваа гарагт АНУ-ын зах зээлд хувьцаануудын ханш унаж, 30 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөж 4.995 хувьд хүрч өссөн бол 10 жилийн бондын өгөөж 4.521 хувь болж өсчээ. 

2024 оны гуравдугаар сард Ройтерс агентлагийн мэдээлснээр, Bridgewater компанийн удирдаж буй хөрөнгө 2021 оны оргил үедээ 150 тэрбум ам.доллар байсан бол 2024 онд 18 хувиар буурч 92 тэрбум ам.доллар болжээ.   

mobile-logo