bnr-0
Г.Занданшатарыг Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томиллоо
06 сарын 13, 2025
ХУВААЛЦАХ
Уул уурхайгаас хэт их хамааралтай эдийн засгийг төрөлжүүлж, эдийн засгийн бүтцийн өөрчлөлт хийхээ тодотгов.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Г.Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэн, чуулганд оролцсон нийт гишүүдийн 92.3 хувь нь дэмжиж баталлаа.

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар түүнийг томилохоор МАН-ын Удирдах зөвлөлөөс нэр дэвшүүлж, намын Бага хурал болон УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор түүнийг дэмжээд байсан юм. Улмаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд нийт 117  гишүүн оролцсоноос 108 нь түүнийг дэмжиж санал өгснөөр тэрбээр ийнхүү Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилогдлоо.

УИХ-ын гишүүдийн асуултад хариулах үеэрээ тэрбээр

Төсвийн зардлыг 2.3 их наяд төгрөгөөр бууруулахгүй бол энэ оны төсвийн орлого үлэмж хэмжээгээр тасарч байна. Зайлшгүй тодотгол хийхээс аргагүй.

хэмээн мэдэгдлээ. Мөн эдийн засгийн өсөлтийг хүртээмжтэй байлгах, иргэн бүрд хүргэхийг нэн тэргүүний зорилтоо болгон ажиллахаа онцоллоо.

Уул уурхайгаас хэт их хамааралтай эдийн засгийг төрөлжүүлж, эдийн засгийн бүтцийн өөрчлөлт хийхээ мөн тодотгов. Түүнчлэн татварын реформыг хэрэгжүүлж, иргэдэд учирч байгаа татварын дарамтыг бууруулах, харин тансаг хэрэглээ болон өндөр орлоготой иргэдэд ногдох татварыг нэмэгдүүлж, дундаж давхаргаа дэмжих бодлого хэрэгжүүлэхээ мэдэгдлээ.   

mobile-logo