- Apple энэ намар танилцуулах шинэ iPhone загваруудын үнэд өсөлт оруулахаар судалж эхэлсэн байна.
- Шинэ загвар нь нимгэн хийцтэй байх бөгөөд илүү өндөр үнэтэй “Pro” загваруудын үйлдвэрлэл үргэлжлэн Хятадад төвлөрнө.
- Apple АНУ-ын тарифын нөлөөг олон нийтэд мэдэгдэхгүйгээр ашиг, зардлын тэнцлийг хадгалах гарц хайж байна.

Apple компани энэ намар худалдаанд гаргах шинэ iPhone загваруудаа шинэлэг хийц, функцээр баяжуулж, үүний зэрэгцээ үнээ өсгөхөөр судалж буйг эх сурвалжууд мэдээлжээ. Гэхдээ АНУ-ын Хятадад ногдуулсан тарифыг нэмэгдлийн шалтгаан болгож тайлбарлах нь улс төрийн эрсдэлтэй тул Apple энэ алхмыг болгоомжтой хийж байгаа аж.
АНУ, БНХАУ хоёр шинээр байгуулсан тохиролцооны дагуу харилцан ногдуулсан тарифуудын дийлэнхийг хойшлуулахаар болсон ч Дональд Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлсэн 20 хувийн онцгой тариф хэвээр үлдсэн. Энэхүү тариф нь ухаалаг гар утас зэрэг бараа бүтээгдэхүүнд хамаарч буй. Үүний зэрэгцээ “харилцан” тарифын дэглэмийн хүрээнд гар утсанд ногдуулах татвар түр хугацаанд 125 хувиас 10 хувь хүртэл буурахаар тохиролцжээ.
Apple энэ үнийн дарамтаас зайлсхийхийн тулд өмнө нь тодорхой хэмжээний нөөц бүрдүүлж, АНУ-д зориулсан загваруудын үйлдвэрлэлийг Энэтхэг рүү шилжүүлээд байна. Компанийн зүгээс энэ оны хоёрдугаар улиралд АНУ-д нийлүүлэх iPhone утасны загварын дийлэнх нь Энэтхэгээс гаралтай байх болно хэмээн мэдэгдсэн. Гэсэн ч өндөр хүчин чадал, нарийн хангамж шаарддаг “Pro” загваруудын үйлдвэрлэлийг Хятадаас бүрэн шилжүүлэхэд одоогоор бэлэн бус байгааг салбарын шинжээчид анхааруулж байна. “Pro” болон “Pro Max” загварууд илүү өндөр өртөгтэй камер, зай хураагууртай тул үйлдвэрлэлийн өртөг ч нэмэгддэг. Иймд Apple ханган нийлүүлэгчдээс хэмнэлт шаардах замаар зардлаа бүрэн нөхөх боломжгүй тул үнэ нэмэхээс өөр аргагүй болж байна.
Тарифын дарамтыг компанийн нэр хүндэд нөлөөлөхүйц байдлаар олон нийтэд тайлбарлах нь улс төрийн шүүмжлэл дагуулах эрсдэлтэй. Өмнө нь Amazon компани хэрэглэгчдэд тарифын нөлөөг мэдээлж магадгүй гэх мэдээлэл цацагдахад Цагаан ордон шууд шүүмжилж, уг санаачилга хэрэгжихгүй болсон жишээ бий. Иймд Apple үнийн өсөлтийг шинэ боломж, шинэчлэлттэй холбон тайлбарлах хувилбарыг илүүд үзэж байгаа аж.
Энэ намар танилцуулагдах шинэ загварууд “iPhone 17” хэмээн нэрлэгдэх бөгөөд “iPhone 16 Plus”-ийн оронд илүү нимгэн хийцтэй шинэ загвар худалдаанд гарна. Одоогийн байдлаар iPhone 16 загвар 799 ам.доллараас эхэлдэг бол хамгийн өндөр үнэтэй iPhone 16 Pro Max нь 1199 ам.доллароос эхэлдэг байна. Apple-ийн гүйцэтгэх захирал Тим Күүкийн мэдээлснээр, одоогийн тарифын бодлогоос шалтгаалан зөвхөн энэ улиралд гэхэд компанийн зардал 900 сая ам.доллараар өсөхөөр байна. Харин АНУ-д iPhone үйлдвэрлэх судалгаа үргэлжилж байгаа ч энэ нь олон жилийн ажил болох төлөвтэй.
Түүнчлэн Apple-ийн нийлүүлэлтийн төлөвлөлтөд оролцож буй хүмүүсийн мэдээлснээр, Хятад улсад ногдуулж буй тарифууд Энэтхэг, Вьетнам хоёрынхтой харьцуулахад урт хугацаанд өндөр байх магадлалтай ажээ. Иймд АНУ-ын зах зээлд нийлүүлэх утаснуудын үйлдвэрлэлийг Энэтхэг рүү илүү хурдтайгаар шилжүүлэх шаардлага тулгарч байгаа юм. Шинжээчдийн тооцооллоор, өнгөрсөн онд дэлхий дахинд нийлүүлсэн нийт iPhone-ийн 13-14 хувийг Энэтхэг бүрдүүлсэн бөгөөд энэ тоо 2025 онд хоёр дахин өсөх төлөвтэй байна. Гэвч энэ өсөлт нь АНУ, Энэтхэг хоёрын нийлүүлэлтийг бүрэн хангах түвшинд хараахан хүрэхгүй байгаа аж.