- Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын бүлгийн хуралдаанд оролцож улс төрийн нөхцөл байдлын талаар гишүүдэд мэдээлэл өгчээ.
- Татвар болон тэтгэврийн шинэчлэлийг танилцуулж, 176 мянга гаруй иргэн, аж ахуйн нэгжийн саналыг төсөлд тусгасныг онцлов.
- Туул хурдны замын тендерийг энэ сарын 29-нд зарлаж, бүтээн байгуулалтыг 2027 онд дуусгахаар төлөвлөж байна.

УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг ээлжит хуралдаанаа хийж, үүсээд буй улс төрийн нөхцөл байдлын талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс мэдээлэл сонслоо. Тэрбээр нөхцөл байдлыг зөвхөн бүлгийн хүрээнд бус, МАН-ын Удирдах зөвлөл болон Бага хурлаар өргөн хүрээнд хэлэлцэх шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
Хуралдааны үеэр Засгийн газраас боловсруулж буй татварын шинэчлэлийн талаар урьдчилсан танилцуулга хийсэн бөгөөд энэ хүрээнд улс орон даяар санал авч, 13,000 орчим компани, иргэдээс нийт 176,000 гаруй саналыг хүлээн авчээ. Саналуудыг хуулийн төсөлд тусгаж, бизнесийн орчныг хялбарчилсан зохицуулалт тусгасан байна. Уг шинэчлэл нь далд эдийн засгийг бууруулах, хөрөнгө оруулалт татах, ажлын байр нэмэгдүүлэх замаар эдийн засгийн тогтвортой өсөлтөд түлхэц өгөх зорилготой ажээ.
Нийгмийн даатгал, тэтгэврийн шинэчлэлийн хүрээнд олон давхаргат тогтолцоо бий болгохоор төлөвлөж байгаа талаар мэдээлэв. Үүнд суурь тэтгэврийг шинээр тогтоож, хувь хүний хуримтлал болон бусад эх үүсвэрээс тэтгэвэр авах боломжийг бүрдүүлнэ. Ингэснээр илүү олон жил ажилласан иргэдийн тэтгэврийн хэмжээ өсөх ба Нийгмийн даатгалын сангийн тогтвортой байдлыг хангах суурь шинэчлэл болно хэмээн тайлбарлалаа.
Мөн Улаанбаатар хотод хэрэгжиж буй томоохон дэд бүтцийн төслүүдийн талаар танилцуулга хийсэн юм. Тухайлбал, “Туул хурдны зам” болон “Тойрог нэгдүгээр зам”-ын бүтээн байгуулалт, тэдгээртэй холбоотой эрх зүйн зохицуулалтыг сайжруулах асуудлаар байр сууриа нэгтгэжээ. Туул хурдны замын тендерийг тавдугаар сарын 29-нд зарлаж, зургаадугаар сард барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн бөгөөд 2027 онд бүрэн ашиглалтад оруулахаар зорьж байна. Эдгээр бүтээн байгуулалт нь урьдчилсан тооцооллоор түгжрэлийг 5 хувь хүртэл бууруулах юм.
Эдгээр шинэчлэл, бүтээн байгуулалтын ажлууд нь эдийн засгийн идэвхийг дэмжих, нийслэлийн авто замын ачааллыг бууруулах, орон сууцны дэд бүтцийг хөгжүүлэх бодлогын чухал хэсэг хэмээн бүлгийн гишүүд үзэж байна.