- 2025 оны нэгдүгээр улиралд бодит өсөлт 2.4% болж удааширсан.
- Хоёрдугаар улиралд өсөлт 4.0% хүрнэ гэсэн шинэ таамаглал гарчээ.
- Өсөлтийн хүлээлт өмнөхөөс буурч, эрэлт сул байгааг илтгэж байна.

Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2025 оны эхний улиралд 2.4 хувь болж, шинжээчдийн өмнөх таамаглалаас 2.5 нэгж хувиар доогуур гарсан. Энэ нь зах зээл, хөрөнгө оруулалт, хэрэглээний сэргэлт хүлээгдсэн хэмжээнд хүрээгүйг харуулсан.
Хэдийгээр эхний улирлын үзүүлэлт хүлээлтээс доогуур гарсан ч, шинжээчид эдийн засгийн өсөлт дунд хугацаанд сэргэнэ гэж үзэж байна. Тодруулбал, 2025 оны хоёрдугаар улиралд өсөлт 4.0 хувь, 2026 оны эхний улиралд 4.6 хувьд хүрнэ гэсэн төсөөлөлтэй байна.
Монголбанкнаас хийсэн шинжээчдийн макро эдийн засгийн төсөөллөөс харахад ирэх улирлын өсөлтийн магадлал 3.0-3.9 хувийн хооронд хэлбэлзэх боломж хамгийн өндөр буюу 29.1 хувьтай гарчээ. Энэ нь өмнөх улиралд 5.0-5.9 хувийн өсөлт давамгайлах магадлалтай байна гэж үзэж байсан (33.4%) таамаглалтай харьцуулахад нэлээд буурсан үзүүлэлт юм. Түүнчлэн өмнөх улирлын судалгаагаар 2025 оны хоёрдугаар улиралд 5.2 хувийн өсөлт хүлээгдэж байсан бол энэ удаагийн шинэчилсэн таамаглалаар 4.0 хувь болж буурсан байна.
Эдийн засгийн өсөлтийн төлөвийг илүү нарийвчлан авч үзвэл, шинжээчдийн таамаглалын медиан болон дундаж нь хоёулаа 3.6–4.1 хувийн хооронд төвлөрч, ирэх улиралд хүлээлт нэлээд болгоомжтой байгааг харуулж байна. Өөрөөр хэлбэл, өсөлтийн хандлага хадгалагдах ч түүний түвшин өмнөх төсөөллөөс эрс доогуур байж болзошгүй нөхцөл бүрджээ.
Сүүлийн хоёр жилд эдийн засгийн өсөлт тогтворгүй, савалгаа ихтэй байв. 2023 оны эхэнд -3.8 хувь хүртэл агшсан бол жилийн эцсээр 7.9 хувьд хүрч огцом өссөн. Харин 2024 онд өсөлт 5.6–6.0 хувийн хооронд хадгалагдаж байсан ч 2025 оны эхний улиралд буцаж 2.4 хувь болж саарсан нь эдийн засгийн сэргэлт удааширч болзошгүйг илтгэж байна.
Шинжээчдийн дунд эргэлзээ нэмэгдэж буй энэ үед өсөлт дунд хугацаанд дахин эрч авах эсэх нь гадаад орчны эрсдэл, дотоод бодлогын үр нөлөөнөөс хамаарах төлөвтэй байна. Бодлогын тодорхойгүй байдал, хөрөнгө оруулалтын хүлээлт, эдийн засгийн суурь бүтэц зэрэг хүчин зүйлс өсөлтийн үргэлжлэлд нөлөөлөх гол хүчин зүйл хэвээр байна.