bnr-0
Тансаг хэрэглээний брэндүүд гацав: Энэтхэг “дараагийн Хятад” болж чадахгүй байна
05 сарын 20, 2025
ХУВААЛЦАХ
  • Хятад болон Америкийн худалдан авалт суларсан энэ үед тансаг брэндүүд өсөлтийн шинэ зах зээл эрэлхийлж байна.
  • Энэтхэгт Louis Vuitton брэндийн ердөө гурван дэлгүүр бий бол Хятадад энэ тоо 60 давжээ.
  • Хятадын үл хөдлөх хөрөнгийн хямрал өрхийн хөрөнгийг 30 хувиар бууруулж, тансаг хэрэглээнд сөргөөр нөлөөлөв.
LVMH компанийн мэдээлснээр, 2025 оны эхний улиралд тус улсын борлуулалт жилийн өмнөхөөс 3 хувиар буурч, Ази дахь нийт борлуулалт 10 хувиар агшсан байна.

Дэлхийд тэргүүлэгч тансаг хэрэглээний брэндүүдийн хувьд 2025 он зах зээлийн тэлэлтийн хувьд урам хугалсан жил болох төлөвтэй байна. Хоёр том худалдан авагч бүс нутаг болох Хятад болон Америкт эрэлт суларч, нийт борлуулалтын хагасыг бүрдүүлдэг хоёр гол орон ийнхүү зэрэг уруудсанаар салбарын өсөлт саарчээ.

Барууны брэндүүдэд Хятад улс сүүлийн арван жилд хамгийн ашигтай зах зээл байв. Тус улсын эдийн засаг 2009–2019 онд жилд дунджаар 8 хувиар өсөж, чинээлэг давхарга хурдацтай тэлж, дундаж давхаргын иргэдийн тоо ч огцом нэмэгдсэн. Энэ нь тансаг хэрэглээг нийгэм дэх байр сууриа илэрхийлэх хэрэгсэл болгож, хэрэглээний өргөн суурийг бүрдүүлсэн юм. Харин өнөөдөр Хятадын эдийн засгийн хямрал, үл хөдлөхийн салбарын уналт, хотжилтын саарал байдал зэрэг нь хэрэглээг эрс бууруулжээ. Barclays Private Bank-ийн тооцоолсноор, үл хөдлөх хөрөнгийн үнэ унаснаар Хятадын өрхийн хөрөнгө 30 хувиар буурсан нь өндөр үнэтэй бараа бүтээгдэхүүнд хандах эерэг хандлагыг үгүй хийж эхэлсэн байна.

АНУ-ын хувьд тансаг хэрэглээ 2022 оны эхээр оргилдоо хүрснээс хойш буурсан бөгөөд сүүлийн саруудад сэргэлт үзүүлж байсан ч импортын тарифын дайнаас үүдэн дахин уналаа. LVMH компанийн мэдээлснээр, 2025 оны эхний улиралд тус улсын борлуулалт жилийн өмнөхөөс 3 хувиар буурч, Ази дахь нийт борлуулалт 10 хувиар агшсан байна.

Тухайн улсын эдийн засаг хурдтай өсөж, дундаж болон өндөр орлоготой сегмент эрчимтэй нэмэгдэх үед тансаг хэрэглээний зах зээл тэлдэг. Мөн дотоодын жижиглэн худалдааны дэд бүтэц хөгжсөн байх зайлшгүй шаардлагатай байдаг. Хятад улс эдгээр суурь нөхцөлийг хангасан нь тансаг брэндүүд хурдтай тэлэх үндэс болсон байна.

Харин Энэтхэгт ийм суурь нөхцөл хараахан бүрдээгүй байна. Хэдий тус улсын хүн ам 1.4 тэрбумд хүрсэн ч дотоодын хэрэглээ хангалттай биш. Өнөөдрийн байдлаар тус улсын 1.4 тэрбум хэрэглэгчид тансаг зэрэглэлийн ердөө найман худалдааны төв “үйлчилж” байгаа бөгөөд Louis Vuitton зэрэг брэнд цөөн тооны томоохон зочид буудлын лоббид л үйл ажиллагаа эрхэлж байна. Нью-Йоркийн Fifth Avenue, Лондоны Bond Street-ийн адил тансаг худалдааны төвүүд Энэтхэгийн хотуудад хараахан бий болоогүй юм.

Энэтхэг дэх өндөр татварын орчин тансаг хэрэглээг хязгаарлаж буй нэг гол шалтгаан болжээ. Тансаг бараанд 50 орчим хувийн татвар нэмэгддэг тул чинээлэг иргэд ихэнхдээ гадаадаас бүтээгдэхүүн худалдан авдаг хэвээр байна. Дундаж давхарга дотооддоо тансаг хэрэглээний зах зээл бүрдүүлж чадахгүй байгаа учраас брэндүүд хөрөнгө оруулалтаас зайлсхийж, улмаар уламжлалт худалдан авалтад суурилсан хэрэглээ зогсонги байдалд оржээ.

Зарим компани Европын зах зээл рүү дахин анхаарал хандуулж байгаа ч тус бүс нутагт хэрэглэгчийн сэтгэл зүй “тэвчих” хандлагад шилжиж, эдийн засгийн удаашрал олон жил үргэлжилсэн нь үүнд саад болж байна. Харин Саудын Араб ирэх арван жилд тансаг худалдааны томоохон төвүүд шинээр барихаар төлөвлөж буй ч нийт борлуулалтын хувьд Германтай тэнцэх хэмжээний жижиг зах зээл хэвээр байх болно гэдгийг шинжээчид онцолжээ.

Брэндүүд шинэ зах зээл эрэлхийлэхийн оронд Хятад болон АНУ-ын дундаж хэрэглэгчдийг дахин татах стратегид төвлөрөх нь илүү өгөөжтэй байж мэднэ. Зарим судалгаагаар, 2022 оноос хойш 50 сая хэрэглэгч тансаг хэрэглээнээс гарсан нь үнийн өсөлт болон худалдан авах боломж хязгаарлагдсантай холбоотой аж. Жишээ нь, Gucci брэндийн хамгийн хямд эмэгтэй пүүз АНУ-ын цахим хуудсанд 790 ам.доллар болсон бол 2020 онд ижил төрлийн бүтээгдэхүүн 550 ам.долларын үнэтэй байв.

Тиймээс тансаг хэрэглээний салбарын сэргэлт шинэ улс орнуудаас бус, Хятад болон АНУ-ын дундаж хэрэглэгчдийн идэвхжлээс илүү хамаарахаар байгаа ажээ.   

mobile-logo