bnr-0
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Энэ онд нэг хүнд ногдох ДНБ 6,800 орчим ам.долларт хүрэх тооцоо гарсан
10 сарын 04, 2024
ХУВААЛЦАХ
  • Л.Оюун-Эрдэнэ: 2025 оны төсвийг төлөвлөлтийн дагуу хэрэгжүүлж чадвал эдийн засгийн өсөлт 7-8 хувь болж өснө.
  • 2025 оны төсвийн нийт эх үүсвэр 35.8 их наяд төгрөг байхаар төсвийн төсөлд тусгажээ.
  • Засгийн газрын хэрэгжүүлэх 14 мега төслийн 5-аас доошгүй төсөл 2025 оны төсвийн жил эхэлж чадвал 2025 оны эцэст ДНБ 95.0 их наяд төгрөгт хүрнэ гэж төсөөлөв.
14 мега төслөө хэрэгжүүлж чадвал 2028 онд нэг хүнд ногдох ДНБ 10,000 ам.долларт хүрнэ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2025 оны улсын төсвийн төслийг танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ. Ерөнхий сайд хэлсэн үгэндээ;

2025 оны төсөв бол Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу боловсруулсан эхний төсөв бөгөөд ирэх дөрвөн жилийн улс орны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох ач холбогдолтой төсөв гэдгийг онцолжээ.

Энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр ДНБ 79.2 их наяд төгрөг, нэг хүнд ногдох ДНБ 6,800 орчим ам.долларт хүрэхээр тооцоолж байна.

Дэлхийн эдийн засгийн өсөлт 2025 онд 3.3 хувь орчимд хадгалагдах бол манай бүс нутгийн хэмжээнд эдийн засаг 5.1 хувиар өсөх төлөвтэй байна.

Хамтарсан засгийн газрын хэрэгжүүлэх 14 мега төслийн 5-аас доошгүй төсөл 2025 оны төсвийн жил эхэлж чадвал 2025 оны эцэст ДНБ 95.0 их наяд төгрөгт хүрнэ гэж төсөөлөв. Үүний тулд;

·      Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан холболтын ажлыг дуусгаснаар нүүрс тээврийг 40 сая тонноор, экспортын орлогыг хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой.

·      Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станцын төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлж, хэрэгжүүлснээр 2027 оноос баруун бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг бүрэн хангана.

·      Монгол Францын хамтарсан ураны төслийг хэрэгжүүлж чадвал улсын төсөвт 4.5 тэрбум ам.долларын татварын орлого төвлөрүүлэх боломжтой.

·      Тавантолгойн 450 МВт-ын дулааны цахилгаан станцын төслийг хэрэгжүүлснээр Оюутолгой, Тавантолгойн эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангах боломж бүрдэнэ.

Засгийн газраас боловсруулсан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд  нэгдсэн төсвийн үзүүлэлтийг дараах байдлаар тусгалаа. Үүнд:

2025 оны төсвийн нийт эх үүсвэр-35.8 их наяд төгрөг,

Урсгал зардал-24.5 их наяд төгрөг,

Хөрөнгө оруулалтын зардал – 4.3 их наяд төгрөг,

Тогтворжуулалтын сан-608.9 тэрбум төгрөг,

Үндэсний баялгийн сан-2.4 их наяд төгрөг байхаар тооцов.   2025 оны төсвийг төлөвлөлтийн дагуу хэрэгжүүлж чадвал:

·      Эдийн засгийн өсөлт 7-8 хувь болж,

·      Экспортын орлого 19.0 тэрбум ам.долларт хүрч

·      Гадаад валютын нөөц 5.7 тэрбум ам.доллар болон нэмэгдэж,

·      Өрхийн бодит орлого дунджаар 15 хувиар өсөж

·      Бизнес эрхлэх таатай орчин бүрдэж, хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэдгийг хэлсэн үгэндээ онцолж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг баталж өгөхийг УИХ-ын гишүүдээс хүслээ.   

mobile-logo