- Их Британийн Засгийн газрын баталгаатай зээлээр Улаанбаатар метро төслийг санхүүжүүлэхээр боллоо
- JP Morgan Chase банк төслийн үндсэн санхүүжүүлэгч, зохион байгуулагч банкаар шалгарлаа
- Метроны тоног төхөөрөмжийн 20 хувийг Англиас худалдан авах нөхцөлтэй, 15 жилийн хугацаатай бага хүүтэй зээлээр хэрэгжинэ

Улаанбаатарын метро хэмээх олон жилийн мөрөөдөл бодит ажил болох эхний том алхам хийгдлээ. Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Засгийн газраас баталгаажуулсан урт хугацааны зээлээр энэхүү дэд бүтцийн төсөл хэрэгжих болсныг албаны эх сурвалжууд баталлаа.
UKEF буюу Британийн Экспортын зээлийн агентлаг санхүүгийн болон хуулийн зөвлөхүүдийн хамт дэлхийн найман банканд “Санал илгээх хүсэлт” илгээснээр таван нэр хүнд бүхий банк сонирхлоо илэрхийлсэн байна.
Эдгээрээс АНУ-ын JP Morgan Chase банк сонгогдож, хоёр долоо хоногийн хэлэлцээний дараа гэрээ байгуулжээ. Тус банк нь төсөлд шаардлагатай хөрөнгийн 85 хувийг олон улсын санхүүгийн эх үүсвэрээс татан төвлөрүүлж, санхүүжилтийн схемийг боловсруулж, хэрэгжилт болон эргэн төлөлтөд хяналт тавьж ажиллана.
Улаанбаатар метро төслийн хувьд метроны галт тэрэг болон тоног төхөөрөмжийг Англиас авахаар судалж байна.
Зээлийн нөхцөл нэлээд нааштай. Метро ашиглалтад орох хүртэл эргэн төлөлт шаардахгүй бөгөөд ашиглалтад орсноос хойш 15 жилийн хугацаанд бага хүүтэй, тогтвортой зээл хэлбэрээр хэрэгжинэ.
Нэг чухал заалт байгаа нь уг зээлийн 20 хувийг Англи Улсаас бараа, тоног төхөөрөмж худалдан авахад зориулах шаардлагатай юм байна. Тэгэхээр Лондон хотын метроны галт тэрэг, кабин болон тоног төхөөрөмжийг Улаанбаатарт авчрахаас өөр аргагүй болж байгаа бололтой аж.
Энэ хүрээнд нийслэлийн зүгээс Англид үйлдвэрлэсэн, Лондонгийн метроны галт тэргэнд ашиглагддаг цахилгаан болон механик тоног төхөөрөмжийг оруулж ирэх боломжийг судалж буйг хотын дарга Х.Нямбаатар онцоллоо. Нийслэлчүүдийн “Метротой болно” гэсэн олон жилийн яриа ийнхүү олон улсын бодит хэлцэл болон хувирч, Лондонгийн технологи, санхүүгийн оролцоотойгоор хэрэгжих эхлэлээ тавьж байна