bnr-0
Тарифын нөлөө: АНУ руу хийх Японы экспорт он гарсаар анх удаа агшлаа
9 цагийн өмнө
ХУВААЛЦАХ
  • Японы гадаад худалдааны хоёр дахь томоохон түнш АНУ руу хийх экспорт өнгөрсөн арванхоёрдугаар сараас хойш анх удаа буурсан байна.
  • Тус улсын ДНБ нэгдүгээр улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 0.7 хувиар агшсан ба иргэдийн дотоодын хэрэглээ, экспортын өсөлт саарсантай холбон тайлбарлаж буй.
  • Риосэй Аказава өнгөрсөн мягмар гарагт Японд ногдуулсан импортын тарифыг цуцлах хүсэлтээ АНУ-д дахин тавьсан ба “Хэрэв улс орны эрх ашгийг эрсдэлд оруулж байвал худалдааны хэлэлцээр байгуулахыг яаравчлахгүй” хэмээн мэдэгдсэн юм.
Японоос АНУ руу чиглэсэн экспортын дийлэнхийг автомашин, түүний сэлбэг хэрэгсэл бүрдүүлдэг.

Японы экспортын өсөлт хоёр дахь сардаа дараалан суларлаа. Түүнчлэн Японы гадаад худалдааны хоёр дахь томоохон түнш АНУ руу хийх экспорт өнгөрсөн арванхоёрдугаар сараас хойш анх удаа буурсан байна. Өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 1.8 хувиар доошилжээ.

Дөрөвдүгээр сард Японы АНУ-тай хийх гадаад худалдааны ашиг 780.6 тэрбум иен буюу 5.4 тэрбум ам.доллар болж буурсан байна. Харьцуулбал, өнгөрсөн гуравдугаар сард Японы АНУ-тай хийх гадаад худалдааны эргэлт нь 846.9 тэрбум иенийн ашигтай гарч байсан юм.

“Японы экспортын өсөлт саарч, нөгөө талаас, АНУ руу чиглэсэн экспорт агшиж буй нь ДНБ-ийн хоёрдугаар улирлын үзүүлэлтэд сөргөөр нөлөөнө” хэмээн “Capital Economics-ийн Ази, Номхон далайн бүсийг хариуцсан ахлах эдийн засагч Абхижит Суряа CNBC-д ярилаа.

Японоос АНУ руу чиглэсэн экспортын дийлэнхийг автомашин, түүний сэлбэг хэрэгсэл бүрдүүлдэг ба 2024 оны байдлаар 28.3 хувийг эзэлж байв. Тэгвэл энэ салбарын экспорт дөрөвдүгээр сард өмнөх оны мөн үеэс 4.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Тус улсын ДНБ нэгдүгээр улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 0.7 хувиар агшсан ба иргэдийн дотоодын хэрэглээ, экспортын өсөлт саарсантай холбон тайлбарлаж буй.

Хэдийгээр Япон улс АНУ-тай худалдааны хэлэлцээг анхлан эхлүүлсэн орнуудын тоонд багтаж буй ч сүүлийн өдрүүдэд хэлэлцээ зогсонги байдалд ороод буй. Японы худалдааны хэлэлцээг ахалж буй Риосэй Аказава өнгөрсөн мягмар гарагт Японд ногдуулсан импортын тарифыг цуцлах хүсэлтээ АНУ-д дахин тавьсан ба “Хэрэв улс орны эрх ашгийг эрсдэлд оруулж байвал худалдааны хэлэлцээр байгуулахыг яаравчлахгүй” хэмээн мэдэгдсэн юм.   

mobile-logo